
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэж буй. Хуралдааны үеэр Ерөнхий сайд барилгын материал, тэр дундаа арматурын үнийг бууруулах, тогтворжуулах чиглэлийг холбогдох албаныханд өгөв. Төрөөс нийслэл, орон нутагт барихаар төлөвлөсөн орон сууцын төслүүдэд шаардлагатай дэд бүтцийн санхүүжилтийг шийдэхэд онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлэхээр болсон билээ. Гэвч барилгын гол бараа, материалын нэг болох арматурын үнэ дэлхийн зах зээл дээр хоёр дахин нэмэгдсэн нь бүтээн байгуулалтад бэрхшээл учруулж байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас танилцуулсан учир ийнхүү арга хэмжээ авахаар болсон аж.
Иймээс арматурын үнийг бууруулах, тогтворжуулахтай холбоотой ажлын хэсэг байгуулж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа ирэх долоо хоногт танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл болгов. Ташрамд дурдахад, Монгол Улс өнгөрсөн онд 240 мянган тн арматурын төмөр импортолж, 12 мянган тн-ыг дотооддоо үйлдвэрлэсэн бол энэ оны тавдугаар сарын байдлаар 50 мянган тн-ыг гадаадаас худалдан авч, 5.000 тн-ыг үйлдвэрлэжээ.