Гадаадын иргэний оршин суух үнэмлэх олгох сувгийг нэмэгдүүлж, өөрөө хэвлэн авах боломжтой киоск машиныг Засгийн газрын 11 дүгээр байранд байрладаг Хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвд суурилуулж, үйлчилгээнд нэвтрүүлжээ. Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр авах, сунгах, хэлбэр, төрөл, уригч өөрчлөх, үнэмлэх шинэчлүүлэх хүсэлт цахимаар гаргахдаа “Оршин суух үнэмлэх хэвлэх киоск машин” гэсэн цэсийг сонгох ёстой аж. Тухайн хүсэлт нь зөвшөөрөгдөж, мэдэгдэл очсоны дараа киоск машинаас оршин суух үнэмлэхээ хэвлэн авах боломжтойг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлэв.
Оршин суух үнэмлэх хэвлэхдээ хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн регистрийн дугаар болон ДАН системд бүртгэлтэй утасны дугаарыг киоск машинд оруулах нь. Тухайн утасны дугаарт нэг удаагийн код илгээснээр хүсэлтийг баталгаажуулж, оршин суух үнэмлэхийг нь 2-5 минутын дотор хэвлэх аж.
Ч.Зул