Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас “Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. “Газрын зөвшөөрөл олгох, харилцааны зохицуулалт, асуудлууд” сэдвээр тус газрын Хууль, эрх зүйн газрын ахлах шинжээч С.Уранмандах, “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж буй үйлчилгээ” сэдвээр уг албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар нар мэдээлэл өгөв. Мөн “Газартай холбоотой захиргааны актад хамаарах маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ” сэдвээр Монголын хуульчдын холбооны судлаач Г.Оюунболд илтгэл тавьжээ.
Газрын маргаан нь олон асуудал, хүндрэл бэрхшээл дагуулдаг учраас хууль, эрх зүйн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид хөндлөө. Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл энэ үеэр “Аливаа асуудал шүүхэд очихоос өмнө цэгцэрч байх ёстой. Асуудлыг шийдэх зорилгоор л хууль баталдаг. Бүр болохоо байсан үед л шүүхэд очдог байх ёстой юм” хэмээв. Гэтэл манайд шүүхээр шийдвэрлэсэн маргааны 20-30 хувийг газрын асуудал эзэлдэг аж. Мөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын 20-30 хувийг газартай холбоотой асуудал эзэлж буй гэнэ.
Эрх зүйн орчныг сайжруулахын тулд юуны өмнө 2002 онд буюу 23 жилийн өмнө баталсан Газрын тухай хуулийг шинэчлэх ёстой аж. Тус хууль өнөө үеийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүйд хүрсний улмаас төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хооронд маргаан гардаг талаар ч хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон. Улсын хэмжээнд одоогоор 360 орчим субъект газар олгох шийдвэр гаргаж, төлөвлөлт, бүртгэл зэрэг үйл ажиллагаа явуулдаг юм байна. Гэвч тухайн субъектүүд нь уялдаа холбоогүй ажилладгаас иргэд, аж ахуйн нэгжүүд ихээхэн чирэгдэлтэй тулгардаг гэнэ.
Тиймээс дээрх асуудлуудыг цэгцлэхийн тулд холбогдох байгууллагынхан нэгдсэн санал, санаачилга гаргахаар болжээ. Үүний тулд газартай холбоотой хууль, эрх зүйн орчны асуудлаар хэд хэдэн цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах нь.
М.Оч