“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб хоёрдугаар сарын 27-ны “Өглөөний цагийг өөртөө” уулзалтаараа ШУА-ын Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл тэргүүтэй тус академийн хүрээлэнгүүдийн захирлуудыг урьж “Монгол Улсын Мега төсөл хөтөлбөрүүдэд Шинжлэх Ухааны Академийн оролцоо” сэдвээр ярилцлаа. Уулзалтад ШУА-ын Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, ШУА-ын дэд ерөнхийлөгч, академич Б.Авид, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайнхан, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Бадамхатан нар оролцлоо.
Уулзалтын эхэнд ШУА-ын Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл ШУА-ийн Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш 100 хоногийн хугацаанд хийсэн ажлуудаасаа танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөл, Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлэх 23 мега төсөлд Эрдэм шинжилгээний хүрээлэн, эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаагаа онцлоод “Эгийн голын усан цахилгаан станц” төсөлтэй холбоотой хоёр улсын эрдэмтдийн нэгдсэн дүгнэлт гаргахаар идэвхтэй ажиллаж байгаа, мөн сансрын хиймэл дагуулын мега төслийн ажил Монгол Улсад үр өгөөжөө өгөх учраас ШУА-ийн болон их дээд сургуулийн эрдэмтэн профессор, төр, хувийн хэвшлийн бүх төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг ШУА дээр зохион байгуулж зөвлөмжөө холбогдох газруудад хүргүүлсэн, мөн ураны ашиглалтын асуудлаар эрдэмтэн судлаачид өөрсдийн хийсэн судалгааны ажлын дүнгээ олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлгийг ШУА зохион байгуулж, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын хяналт мониторинг хийх, аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааг танилцуулсан” гэлээ.
ШУА “Эгийн голын усан цахилгаан станц” төсөлтэй холбоотой өнгөрсөн хугацаанд хийсэн байгаль орчны судалгаануудын үр дүнг хэлэлцэж, цаашид байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааны ажлуудын хүрээг тодорхойлж, судалгааны үр дүнг 2026 оны эхний хагаст Монгол Улсын Засгийн газарт өргөн мэдүүлэхээр тохирчээ. Мөн сансрын хиймэл дагуулын мега төсөл нь зөвхөн холбооны хиймэл дагуул биш, зайнаас тандан судлах хиймэл дагуул, судалгааны хиймэл дагуул зэргийг хөгжүүлэх, хиймэл дагуулын техник технологийг Монголдоо нутагшуулах, цаашид өөрсдөө хөгжүүлэх эхлэлийг тавих учир өндөр ашигтай гэсэн агуулгатай зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлжээ.
Л.Жаргалсайхан: Олборлолтын технологи зохих шат дамжлагаар Францын лабораторид хоёр удаа туршигдсан
(ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор)
-Урантай холбоотой хэл ам гарч байсан учраас 2021 онд Засгийн газрын шийдвэрээр судалгааны хараат бус ажлын хоёр том хэсэг гарч, газар дээр нь ажилласан. Хүрээлэнгээс миний бие ажлын хэсэгт орж ажилласан. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Газарзүй геоэкологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, МУИС, Монголын Гидрогеологичдийн холбоо гээд мэргэжлийн баг хөрс, ус цацраг, ургамал, малын мах, сүү гээд бүх талын шинжилгээ судалгааг хийсэн. Зөөвч овоо орд дээр туршилтын олборлолт эхлэхийн өмнө бүх талаас нь дээж авч шинжлэх ухааны арга аргачлалынхаа дагуу судалгаа хийж, дүнг Засгийн газарт танилцуулсан. Засгийн газкар зөвлөмжтэй танилцаад дахиад үргэлжлүүлэх үүрэг өгсөн учраас үүн дээр 2023 оноос шинжлэх ухаан технологийн захиалгат төсөл хэрэгжиж байна. Тус ордод олборлолт явуулах технологийн нөлөөллийг судлах төсөл одоо үргэлжилж байна. Олборлолтын технологи зохих шат дамжлагаар лабораторид хоёр удаа Францад туршигдсан. Бид энэ технологийг үнэлж дүгнэсэн. Газрын доорх уусгах олборлолт бол зөвхөн цооногуудыг өрөмдөж хүдрийн биет хүргээд түүн рүүгээ хүхрийн хүчлийн сулруулсан уусмал хийж уусгаж буцааж татаж авдаг технологи. Тус орд дээр олборлолт хийх хамгийн тохиромжтой арга нь энэ болж байгаа юм.
Олон нийт цацраг идэвхт хог хаягдал бий болж байгаль орчин хордох уу гэдэг асуултыг их тавьдаг. Уран бол байгаль дээр байж байгаа байгалийн цацраг идэвхт бодис. Атомын цахилгаан станцад хэрэглэдэг шиг тийм өндөр цацраг идэвхтэй байсан бол тэр хавьд байгаа хүн, мал, амьтан ургамал цацрагийн хордлоготой байна гэсэн үг. Тэгэхээр байгаль дээрээ, газрын гүнд байгааг дээш нь татаж гаргаж ирээд ураны исэл болгоод шар нунтаг болгож байгаа юм. Тэр нь цөмийн түлш шиг, түлшний хаягдал шиг цацраг идэвхгүй. Шар нунтаг гэдэг бол цөмийн түлш гаргадаг бүтээгдэхүүний түүхий эд. Түүнийг 6 фторт уран болгож баяжуулж байж түлшээ гаргаж авна гэсэн үг. Энэ шатны боловсруулалт бол маш нарийн технологитой, дэлхий дээр маш цөөхөн улс, одоогоор тавхан орон л боловсруулалт хийж түлш гаргаж авч байна.
Бидний хувд бага ч гэсэн байгалийн цацраг идэвхт уул уурхайн хаягдал гарахгүй юм байна гэж ойлгох хэрэгтэй. Дээр нь цөмийн түлш ашигласны дараа атомын цахилгаан станцаас гардаг тэр өндөр цацраг идэвхт хог хаягдал манайд гарахгүй гэсэн үг. Манай улс өөрөө АЦС-тай болж ашигласны дараа тэр хаягдал гарна. Улс орон хөгжье гэвэл үйлдвэр байгуулах хэрэгтэй. Бүх юмнаас айж эсэргүүцээд байвал явахгүй.
Лаг шаврыг хоргүйжүүлэх, задлах, өвчин үүсгэгч нянг устгах чадвартай бэлдмэл гаргаж авах ажлыг гурван жилийн хугацаанд хийж, патентаа аваад байгаагаа ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга танилцууллаа.
Д.Гантулга: “Эрдэнэт” үйлдвэрийн Цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, улмаар шимт хөрс болгох ажлыг амжилттай хийсэн
(ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор )
-“Эрдэнэт” үйлдвэрийн Цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, улмаар шимт хөрс болгох ажлыг амжилттай хийж, нийт 5000 м3 бассейныг 1000 м3 эрүүл хөрс болгож хүлээлгэж өгсөн. Цэвэрлэх байгууламжийн лаг нь Хог хаягдлын тухай хуулиар аюултай хог хаягдлын жагсаалтад багтдаг. Энэ бэлдмэлийн хамгийн ашигтай чанар нь модон жорлонг 10-14 хоногт үнэргүй болгодог. Аажимдаа задарч, суудаг. Тэр хэмжээгээр өвчин үүсгэгч нян устдаг. Бид нэмж сайжруулаад томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын лаг, хоолны хаягдлуудыг задлахад ашиглах боломжтой. Хөвсгөл, Завхан аймгийн зарим сумын айл өрх, байгууллагад хэрэглэсэн. Үр дүн маш өндөр гарсан. Ашиг тооцолгүй шинжлэх ухааны зардлыг тооцоход нэг бэлдмэл 14 000 төгрөг болж байгаа. Хавар, намартаа нэг айл хоёр удаа хэрэглэхэд бохироос үүсдэг асуудлаа шийдэх боломжтой ийм технологи. Энэ бодис өөрөө брашик шиг эд учраас исэж шуугьж байхад нь авч хийвэл илүү хурдан үр дүн гарна. Тиймээс захиалга авч үйлдвэрлэвэл зүгээр байгаа юм.