Дэлхийгээр аялагч Анна Гребиентэй ярилцлаа. Тэрбээр тэмээгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгалыг зорьж, мөсний баярт оролцсон бөгөөд өдгөө Зүүн тайга дахь аяллаа эхлүүлээд буй юм. Ингэхдээ цанаар гулгаж, ачаагаа чарганд хөлөглөн аялж буй гэнэ. Анх магистрын судалгааны ажлаа бичихээр манай улсад ирж байсан тэрбээр өдгөө Монголын онгон дагшин байгальд татагдан 10 дахь удаагаа зочлоод буй нь энэ аж.
-Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Анна Гребиен гэдэг. Би биологич мэргэжилтэй. Польшоос өнгөрсөн сард Монголд ирлээ. Адал явдлаар дүүрэн аяллынхаа үеэр сэтгүүлчидтэй таарч, Монголын үндэсний өдөр тутмын сонинд ярилцлага өгч байгаа нь үнэхээр санаанд оромгүй үйл явдал боллоо. Польшид очоод гэрийнхэндээ хэлэх их том сонинтой болов.
-Монголд 10 дахь удаагаа зочилж буй гэж сонссон. Таныг манай улсад ийм олон удаа ирэхэд юу хамгийн их хөшүүрэг болов?
-Монгол дахь аяллаа 1999 онд эхлүүлсэн юм. Түүнээс хойш амьдралынхаа боломж бололцоонд тааруулан хэдэн жилдээ нэг удаа эргэн ирдэг болсон. Энэ удаагийн аяллаас өмнө 2023 оны арваннэгдүгээр сард ирж байлаа. Аялал бүр л өөр өөр газарт хүргэдгээрээ онцлогтой. Ер нь үзэж, сонсох, харж, бишрэх зүйл Монголд олон бий. Тиймдээ ч одоо хүртэл зорин ирсээр байна. Ер нь Монгол орны уудам тал нутаг, онгон дагшин байгаль, гайхамшигт соёлд анх ирсэн мөчөөсөө л татагдсан даа.
-Хамгийн анх Монголд ирсэн түүхээсээ хуваалцахгүй юу?
-Дээр дурдсанчлан би биологич мэргэжилтэй. Монгол Улстай танилцах аялал магистрын судалгааны ажлаас үүдэлтэй гэж хэлж болно. Тухайн үед би Хустайн нуруунд тахь буюу Пржевальскийн адууг сэргээн нутагшуулах хөтөлбөрийн талаар судлан, дипломын ажлаа бичиж байлаа. Тэгээд л Монголыг хүндлэх, хайрлан бишрэх хүсэл оргилсон гэж боддог. Судалгааны хүрээнд би Монголд гурван сар орчим амьдарсан. Ингэхдээ Хустайн нуруунаас эхлээд Хөвсгөл нуур зэрэг үзэсгэлэнт байгальтай бүс нутгуудаар цөөнгүй аялсан л даа. Улмаар Монголын онгон дагшин байгальд татагдаж, өөр өөр бүс нутгийг судлах хүсэлдээ хөтлөгдсөөр ирсэн нь энэ.
2008 онд өөрийн зохион бүтээсэн, салхины хүчээр хөдөлдөг газрын завь (landyacht)-иар говийг хөндлөн туулах экспедицийг удирдан зохион байгуулж, 1500 км замыг амжилттай туулсан байдаг. Харин өмнөх удаад ирэхдээ Монголын хөгжмийн ертөнцтэй илүү гүн гүнзгий танилцахыг хүссэн юм. Би морин хуурын аялгуунд дуртай. Хэдийгээр би монгол хүн биш ч гэсэн морин хуурын аялгуу сонсохоор тайвширч, бас уярдаг. Цаанаа л нэг уянгалаг тансаг, бусдыг татах увдистай өвөрмөц хөгжим шүү дээ. Тиймээс сайхан хуур худалдан авч, тоглож сурахыг хүссэн. Тэгээд л одоо хүртэл шинэ аялгуу сурсаар явна.
Монголд олон дахин ирэх нэг чухал шалтгаан нь аяллынхаа туршид олж авсан гайхалтай нөхөрлөл, үнэнч хүмүүс минь. Нөхөрлөл гэдэг нандигнан хамгаалах ёстой үнэт эрдэнэ. Тиймээс би Ханбогд, Ханхонгороос эхлээд Баянхонгор, Мөрөнд амьдардаг эрхэм дотно найзуудаа эргэн зорьсоор л байдаг. Тэднийг огт мартдаггүй. Өнөө жил л гэхэд би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн А.Эсмэдэхийнхийг зорин ирлээ. Өмнө нь ирэхдээ ч энд буудалласан. Харин өнөө жил түүний эгчийнд байрлахаар болов. Тэд надад хөтөч л олж өгсөн.
-Яагаад өвөл аялахаар шийдсэн юм бол?
-Энэ удаад би Монголын өвлийг мэдэрч үзэхийг хүслээ. Өмнө нь нэг жил гаруйн хугацаанд Антарктидад ажиллаж байв. Тиймээс хүйтэнд ажиллаж, амьдрах туршлагатай гэх юм уу. Бас өвлийн хүйтэн, сэрүүн нөхцөлд их дуртай. Эрс тэс уур амьсгал, хатуу ширүүн нөхцөл нь надад нэг төрлийн онгон байгальтай харилцах боломж олгодог. Өнөө жил мөсөн дээр алхаж, цанаар уулын аялал хийхийн тулд Хөвсгөлд ирсэн. Өнгөрсөн жил Свальбардад энэ төрлийн аялал хийж үзчихээд “Яагаад үүнийг Монголд хийж болохгүй гэж” хэмээн бодсон юм. Тэгээд л зорин ирээд байна. Мөн далимд нь “Хөх сувд-2025” мөсний баяр үзэхийг хүслээ. Монгол найзууд маань намайг зун ирэхээр “Чи өвөлд дуртай юм чинь мөсний баяраар заавал ирээрэй” гэдэг байв.
-Өнөө жилийн аяллын тань гол зорилго юу вэ?
-Би Мөрөнгөөс хоёр морь, хоёр тэмээтэй жижиг цуваагаар Хатгалд ирсэн. Гурван өдрийн турш уулсын дундуур, ихэвчлэн засмал замаас зайдуу үзэсгэлэнт байгалийг харж, аяллаа. Цаашлаад би Кызыл-Хем мөрөн урсдаг хөндийг зорихыг хүсэж байна. Энэ газар үнэхээр гайхамшигтай, үзэсгэлэнтэй гэх яриаг монгол төдийгүй гадаад найзуудаасаа олон удаа сонссон. Төлөвлөгөө маань маш энгийн. Тэнд цанаар гулгаж, майханд хоноглож, байгалийн сайхныг биширч, гэрэл зургийн хальсанд буулгах юм. Харин өдгөө чарганд ачаагаа хөлөглөн, цанаар гулгаж Зүүн тайгад хүрэхээр төлөвлөсөн.
-Монгол орноор тэмээтэй аялах талаар хаанаас олж мэдэж, оролцох болов?
-Монголоор тэмээтэй аялах сурталчилгааг анх фэйсбүүкээс харсан. Энэ аялал надад сонирхолтой, гэнэтийн адал явдалтай байх юм шиг санагдсан. Тэгээд л тэмээтэй аялалд явмаар санагдаж маш их догдолсон. Тэмээ унаж Монгол орноор аялах нь надад маш их адал явдалтай, сонирхолтой байлаа.
-Тэмээгээр аялахын онцлог нь юу вэ?
-Өмнө нь морь, тэмээ унаж үзсэн. Түүнээс биш хэд хоног тасралтгүй тэмээтэй аялж үзээгүй байлаа. Тэмээ их сүрлэг амьтан учраас сүрд нь дарагдаад айхавтар даараагүй гэж боддог. Мөн тэмээ унаж буй эзнээ маш сайн ойлгодог юм шиг санагдсан. Өөрөөр хэлбэл, унаж байсан тэмээ маань намайг хамгаалж байсан, их түшигтэй амьтан. Бас тэмээ унах үед илүү өндрөөс орчин тойрноо харах гоё юм билээ. Тэмээ удаан явдаг болохоор тайван аялах нөхцөлийг бүрдүүлж өгсөн.
-Аяллын туршид хүндрэлтэй санагдсан зүйлс байв уу?
-Хэцүү гэхээсээ илүү сонирхолтой зүйл олон тохиолдлоо. Хамгийн хэцүү нь идэр есийн хүйтэнд гадаа бие засах байв. Бас сүүтэй цай уугаад гэдэс эвгүйрхсэн. Харин хамгийн сонирхолтой нь байгалийн үзэсгэлэнг харж сэрэх. Бас дөнгөж сэрчхээд л цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалах маш сайхан шүү дээ.
-Свальбардаас эхлээд Хөвсгөл аймаг зэрэг нэлээд газраар аялжээ. Гэр бүлийнхэн нь таны аялах хоббийг хэрхэн хүлээн авдаг бол?
-Би аав, ээжтэйгээ амьдардаг. Тэд намайг аялах дуртайг мэддэг болохоор тэр бүр дургүйцэж, хориглодоггүй юм. Хэрэв нөхөр ч юм уу, хүүхдүүдтэй байсан бол ингэж аялахад хэцүү шүү дээ. Зөвхөн өөрийгөө бодоод хэдэн мянган километр аялаад байж болохгүй. Тиймээс ганц бие байх үедээ л зорилгоо биелүүлэхийг хүсдэг.
-Таны цаашдын зорилго юу бол?
-Би байгаль хамгаалах чиглэлээр түлхүү ажилладаг судлаач. Өмнө дурдсанчлан миний сонирхдог зүйл бол хөхтөн амьтад, тэр дундаа тахь билээ. Миний мөрөөдөл бол бактриан тэмээ, мазаалай, цоохор ирвэсийг хамгаалах чиглэлээр хийж буй төслүүдэд оролцох явдал юм. Хөвсгөл ер бусын ан амьтны үнэхээр арвин баялагтай. Гэхдээ үүнийг би энэ удаад судлаач нөхдөдөө үлдээж байна. Одоогоор Монголд өнгөрүүлэх богинохон хугацаагаа нандигнан өнгөрөөхийг хүсэж байна.
У.Цэцэгсүрэн