Монголын шайбтай хоккейн залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, спортын мастер Б.Зоригтын удирдлагад Орхон аймгийн “Хангарьд” клубийн үе үеийн тамирчид бэлтгэл хийж, амжилт гаргасаар байна. Тэрбээр “Мөрөөдлийнхөө төлөө шударга өрсөлдье” уриан дор Улаанбаатар хот, Орхон аймагт энэ сарын 17-23-нд зохион байгуулсан Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадмын хоккейн тэмцээнд өсвөр үеийн хоёр баг сойж, оролцуулсан билээ. Үүнээс 12 хүртэлх насныхны ангилалд шавь нар нь Сэлэнгэ аймгийн “Болдтөмөр Ерөө гол” багийнхныг 8:0-ээр хожиж, хүрэл медаль хүртсэн. Түүнтэй дээрх наадмын үеэр уулзаж, ярилцсан юм.
-“Хангарьд” багийнхан ямар ч тэмцээнд хүчтэй өрсөлддөг. Таны шавь нараас Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж тив, дэлхийн тэмцээнд оролцохыг нэг бус удаа харлаа.
-Миний удирдлагад бэлтгэл хийдэг залуусаас Монголын хоккейн залуучуудын шигшээ багт цөөнгүй тамирчин бий. Тухайлбал, М.Чинзолбоо “Дархан” багт тоглож байна. Түүний аав Н.Мишигсүрэн олон жил тууштай хичээллэсэн, ухаалаг шавь нарын минь нэг. Тэрбээр Орхон аймгийн “Хангарьд” багт анх хөл тавьсан үеэс нөхдөө ахлан 18 жил дотоод, гадаадын тэмцээнд оролцсон. Гавьяат тамирчин манай багаас анх удаа төрлөө. Би хокккейн дасгалжуулагчаар ажилласан цагаасаа үе үеийн тамирчдыг бэлтгэж байна. Сүүлийн үед 12, 14, 18 хүртэлх насныхны бэлтгэлийг хийлгээд ахмадын багийг дасгалжуулах завгүй болсон. Монголд 2023 онд залуучуудын шайбтай хоккейн Азийн АШТ, насанд хүрэгчдийн IV дивизионы ДАШТ-ийг зохион байгуулахад шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан. Өнгөрсөн жил залуучуудын шигшээг дасгалжуулж, Узбекистаны Ташкентэд болсон тивийн АШТ-д оролцуулж, хүрэл медалиас атгууллаа. “Хангарьд” багийнхаа тоглогчдыг лигийн тэмцээнд зургаан удаа аварга болгожээ. Тэднээс гадна өсвөр үеийнхэн хүүхдийн өвлийн спортын VII наадамд алтан медаль хүртсэн бол энэ жил хүрэл медаль гардлаа. Шинэ он гаргаад эхний хоёр сард 14, 18 хүртэлх насныхны баг улсын болон цомын АШТ-д түрүүлсэн. “Хангарьд” багийн тамирчид нас тус бүрийн ангиллын ямар ч тэмцээнд эхний гурван байрт шалгардаг юм.
-12 хүртэлх насныхан хоккейн тэмцээнийг тааруухан эхлүүлсэн ч сүүлийн тоглолтуудад сайн өрсөлдөж, медальтай харихаар болж байна.
-Үргэлж ялна гэж юу байх вэ. Хааяа хожигдох зүгээр. Хүн бүр өөрийн алдааг дүгнэж, дараагийн тоглолтод хожихыг хичээнэ. Манайхан ялагдлаасаа сургамж авч, бэлтгэлээ өмнөхөөсөө илүү сайн хийдэг. Багийн спортод эв нэгдэл, тоглогч бүрийн оролцоо, үүрэг хариуцлага чухал. Хоккей бол тулааны шинжийг агуулсан спорт. Мөсөн талбайд ухаан, авьяас зарцуулахаас гадна хурдан сэтгэж, зоригтой тоглохыг шаарддаг.
-Шавь нараа харахаар шайб, цохиуртай нөхөрлөсөн он жил, залуу насныхаа дурсамжаар аялмаар санагддаг уу?
-Би хүүхэд байхаасаа энэ спортоор хичээллэж, Орхон аймгийн шигшээ багт зүүн гарын довтлогчоор тоглон, 16 насандаа дотоодын томоохон тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Багийн түүхийг 1977 оноос өнөөг хүртэл үргэлжлүүлж явна. Лигийн АШТ-д 2006 он хүртэл оролцож, сүүлийн тоглолтдоо мөнгөн медаль хүртсэнээр зодог тайлж байлаа. Миний хувьд тамирчин байхаасаа “Хангарьд” багийн түүхийг бүтээлцсэн болохоор амжилтад хэрхэн хүргэх талаар жил бүр арга туршлагаа ахиулж, тоглох техникт нь судалгаа хийж ирлээ. Тус багийнхан сүүлийн 20 жил аль ч насны ангиллын тэмцээнд оролцсон хүчтэй өрсөлдөж байна. Шавь нараас И.Гэрэлт 18 настайдаа улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан бол “том” Б.Билгүүн 17, “жижиг” А.Билгүүн 16 насандаа дуудагдлаа. Өвлийн улиралд надад амрах зав ховор гардаг. Лиг, улсын болон цомын АШТ гээд томоохон тоглолтын товлосон хугацаа ойртсон үед бүр завгүй. Зарим үед гэрээрээ хальт ороод тамирчдаа бэлтгэл хийлгэхээр яараад гарна. Энэ байдалтайгаа одоо хэдийн дасжээ.
-Орхон аймагт энэ спорт хөгжихөд оросуудын нөлөө их байсан гэдэг. Тэднээс хойш та “Хангарьд” багийг урагшуулж, амжилтад хүргэсэн. Шавь нар тань таныг багшаас илүү аав шигээ хүндэлж харагддаг.
-Эрдэнэт хотыг бүтээн байгуулахаар ЗХУ-ын 20 гаруй мянган мэргэжилтэн манай улсад ирснээр Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн “Пума” хоккейн баг байгуулагдсан юм. Тухайн үед тэднээс бүрдүүлсэн долоон баг, улсын шигшээтэй тойргоор тоглодог байв. Монголд энэ спорт хөгжих эхлэлийг тэд тавьсан юм шүү дээ. Бидэнд хойд хөршийнхнөөс суралцсан зүйл их бий. Сайн тоглодог орос тамирчдыг багтаа урьж, 1977 онд болсон УАШТ-д тоглуулж байв. Цахилгааны инженер мэргэжилтэй “Сахал” Лхагвасүрэн хэмээх хүн энэ спортыг эхлээд Дархан-Уул, дараа нь Орхон аймагт 1974, Багануурт 1982 онд хөгжүүлсэн гавьяатай. Тэрбээр Москвад сурч байхдаа хоккейгоор хичээллэж, тэмцээний үед тамирчид ямар дүрмээр тоглодог болохыг эх орондоо анх нэвтрүүлсэн юм.
-Та “Алдар” нийгэмлэгийн багт нэг хэсэг тоглодог байсан юм билээ.
-Тийм ээ. Миний хувьд 1982 оноос “Алдар” нийгэмлэгт гурван жил цэргийн алба хаасан. Тэр үед Гавьяат дасгалжуулагч Л.Сандагдорж багшийн удирдлагад бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог байснаа эргэн дурсахад сайхан байна. Улсын шигшээд “Алдар”, “Хүч”, “Хөдөлмөр” нийгэмлэгийн тамирчид голдуу тоглоно. Зарим үед Найрамдлын районы баг тэмцээнд цахиур хагалан оролцож, тоглолтыг өрсөлдөөнтэй болгодог сон. Монголын шайбтай хоккейн түүхийг “Хөдөлмөр”, “Найрамдал”, “Алдар”, “Хүч” нийгэмлэгийн тамирчид ч бас бүтээлцсэн юм шүү. Би 1987 онд “Хангарьд” багийнхантайгаа УАШТ-д оролцож, хүрэл медаль анх удаа хүртэж билээ.
-Таныг тамирчны карьераа өндөрлүүлсний дараа дасгалжуулагчаар ажиллаач гэх саналыг хэн тавив?
-Би өөрийгөө дасгалжуулагч болно гэж огт төсөөлөөгүй. Багийнхаа хамт олны хүсэлтээр л болсон хүн. Тэр цагаас өнөөг хүртэл олны итгэлийг алдахгүйг хичээсэн. Миний шавь нараас мэргэжлийн тамирчин удахгүй гарна гэж боддог. Хоккейн тамирчдыг 18 нас хүртэл эцэг, эх нь ямар багт тоглохыг шийддэг. Түүнээс хойшихыг клуб нь мэддэг юм. М.Чинзолбоо энэ жил 18 нас хүрлээ. Тэрбээр ирэх жилээс “Хангарьд” багийнхантайгаа тоглоно. Тус багт сайн тоглодог тамирчид бий. Олонх нь 16-18 настай. Тэднийгээ олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцуулж, Монголын хоккейг амжилтаар мялаана гэж боддог. Б.Зоригтын шавь нар хэрхэн тоглодгийг хөгжөөн дэмжигчид мэднэ. Монголын хоккейн холбоо 2023 онд Азийн АШТ-д өрсөлдөх өсвөр үеийн шигшээ багийг дасгалжуулаач гэх саналыг надад тавьсан. Тивийн тэмцээнээс хүрэл медаль анх хүртэхэд “Хангарьд”-ын тамирчид сайн тоглолт үзүүлж, эсрэг багт 4:1-ээр хожигдож явсан онооны харьцааг 6:4 болгон, хожлыг өөрийн талд эргүүлэн нутагтаа ялалт байгуулахад томоохон нөлөө үзүүлсэн юм. ДАШТ-ийг улсдаа зохион байгуулахад би мөн дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Манайхан финалын тоглолтод Филиппиний багтай 6:6-гаар тэнцэж, нэмэлт цагт хожигдож мөнгөн медаль хүртсэн.
-Лигийн АШТ-ийг зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны хүндхэн жилүүдэд анх зохион байгуулсан гэж сонссон. Та тэр талаар сонирхуулаач.
-Орхон аймгийн баг лигийн тэмцээнд эхний хэдэн жил амжилт тааруухан оролцсон. Тухайн үед “Шарын гол”, “Эрчим” багийнхан л аваргын төлөө өрсөлддөг байв. Бид яваандаа аймгийнхаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн (ГОК) дэмжлэгээр 2000 оноос тоглох ур чадвараа сайжруулж, финалд шалгардаг болсон юм. Жилээс жилд амжилтаа ахиулсаар 2010 онд лигийн аваргаар анх удаа шалгарсан. Би 2012 оноос дасгалжуулагчаар ажиллахдаа багаа лигийн таван удаагийн аварга, насанд хүрэгчдийн өвлийн спортын наадмын хошой алт, хүүхдийн өвлийн спортын наадамд нэг түрүүг авхууллаа. “Хангарьд”-ын тамирчдыг лигт 2010 онд анх түрүүлэхэд нь би гадаадад амьдарч байсан юм.
-Гавьяат тамирчин Н.Мишигсүрэнг тэмцээнд оролцохдоо баг бүрийн онцлогт тааруулж, тактик, төлөвлөгөө маш сайн боловсруулдаг гэж хоккейн хорхойтнууд ярьдаг.
-Тэрбээр хөдөлмөрч, тууштай зан чанараараа багийнхандаа үлгэр дуурайл болж ирсэн. Тамирчин хүний хувьд өөрийгөө тоглолтод бэлдэх, ур чадвараа ахиулах, туршлага хуримтлуулах, нөхдөө зөв залж удирдахад анхаарал хандуулдаг нь амжилтад хүргэсэн гэж боддог. “Хангарьд” багийнхны тоглох техник, арга барил, онцлогийг хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулсан. Тус багийн анхны ахлагч нь легионер тамирчин тоглуулах системийг “Хангарьд”-аас анх эхлүүлсэн байдаг. Н.Мишигсүрэнг II курсийн оюутан байхад нь дээд сургуулийнх нь сургалтын төлбөрийг төлж багтаа тоглуулсан юм. Тэрбээр “Дархан” багийг байгуулж, өнгөрсөн жил лигийн аварга болголоо. Түүний ухаалаг, сайн удирдагч, гайхалтай зохион байгуулагч гэдэг нь багийнх нь амжилтаас харагддаг. Эх орондоо анх удаа зохион байгуулсан ДАШТ-д шигшээ багийнхан мөнгө, Кувейтэд болсон тэмцээнээс алтан медаль хүртэхэд Н.Мишигсүрэнгийн үүрэг оролцоо их байсан. Монголын үндэсний шигшээ багт “Хангарьд”-аас цөөнгүй тамирчин тоглодог. Тэд шигшээ тоглолтод голлох үүрэг гүйцэтгэж, хожлын шийдвэрлэх гоолыг эсрэг багийн хаалганд оруулсан статистикийн судалгаа бий. Дасгалжуулагчийн хувьд шавь нартаа “Дуртай спортдоо сэтгэлээ харамгүй зориулж, бэлтгэлээ сайн хий. Амьдрал, спорт хоёрын аль алийг нь зохицуулж чаддаг тамирчин амжилт гаргадаг юм шүү” гэж зөвлөдөг.
-“Степпе арена”-д анх болсон лигийн АШТ-ий медалийн төлөөх тоглолтод багийнхан тань түрүүлж, таныг баярлуулсан. Үзэгчид хоккейн тоглолтыг огшиж үзсэн нь одоо ч нүдэнд харагддаг юм.
-Хоккейн үе үеийн тамирчдын мөрөөдөл нь биелж, баярласан бол үзэгчид ямар баг түрүүлж, мөсөн ордны талбайг аваргын цомоор мялаах бол гэж догдолж үзсэн. Бид түрүүлнэ гэж бэлтгэлээ эртнээс сайтар базаасан. Түүнийгээ ч хэрэгжүүлж, тэргүүлсэн. Анхны юм бүхэн сэтгэлд тод үлддэг. Ийм л ордонтой болох сон гэж олон жил хүлээсэн монголчуудын баяр хөөр, догдлолд алтан цом өргөсөн мөч аваргаа хамгаалсан бидний зургаа дахь медаль байв. Монголын хоккейн холбоо тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулж, хэвлэл мэдээллийнхэн орон даяар шууд дамжуулсан. Хүмүүс тэр тоглолтоос тамирчдынхаа ур чадварыг ямар хэмжээнд хүрснийг харсан даа.
-Та 18 хүртэлх насныхны залуучуудын шигшээг Азийн АШТ-д оролцуулаад Кувейтэд болсон ДАШТ-д яваагүй санагдана.
-Манайхан хоёр талд тоглоод тун завгүй байсан ч багаа ахалсан Н.Мишигсүрэнтэй тэмцээний үед хэрхэн тоглох талаар зөвлөлдөн ярилцсан. Монголын багийг хожиж, дэлхийн аварга болно гэж итгэж байсан Кувейтийн шигшээг манайхан нутгийнх нь талбайд үзэгчидтэй нь ялж, аваргын цомтой эх орондоо ирж байлаа. Тус улс багтаа Чех, Словакаас легионер урьж, хүч сэлбэж өрсөлдсөн ч манай тамирчид ухаалаг тоглолт өрнүүлж түрүүлсэн дээ. “Хангарьд”-аас шигшээд дуудагдсан И.Гэрэлт хоёр, М.Чинзолбоо нэг гоол хийж, багтаа ялалт авчрахыг хараад бахархаж байлаа. Шигшээ багийнхан лигийн медалийн тоглолтын дараа АНУ-ын Мексикт ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулах III дивизионы ДАШТ-д оролцоно. Лигийн тоглолт өндөрлөсний дараа шигшээ багт ямар тамирчдыг дуудахаа зарладаг юм.
-Таны ач нар хоккей сонирхож тоглодог уу?
-Хоёр ач хүү хоккей тоглодог. Би Орхон аймагт ажилладаг болохоор Улаанбаатарт амьдардаг тэднийгээ бэлтгэл хийлгэх боломж гардаггүй. Тиймээс Монголын шигшээ багт тоглодог, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын хоккейн дасгалжуулагч Ж.Баярсайханы шавь болгохоор зорьж байгаа.
-“Хангарьд”-ынхан лигийн АШТ-д медалийн төлөө тоглохоор шалгарлаа. Та багаа ямар легионеруудаар хүч сэлбэв?
-Манай баг энэ жил Санкт-Петербург, Хабаровскийн “Амур” багаас тус бүр нэг легионер урьж, хүчээ зузаатгасан. Монголын хоккейн холбоо баг тус бүрд хоёр легионер тоглуулахыг зөвшөөрдөг. Гадаадаас тамирчин урьж багтаа тоглуулах нь давуу талтай. Тэдний ур чадвар, техникээс суралцаж, туршлага хуримтлуулна гэдэг дараагийн тэмцээнд ялалт байгуулах түвшнээ ахиулж буй юм. ОХУ бол хоккейн спортыг өндөр хөгжүүлсэн орны нэг. Монголын хоккейн спортын үүсэл хөгжил хойд хөршийнхнөөс улбаатай тул легионер тамирчидтай хамтран ажиллаж, ойлголцоход илүү дөхөм байдаг. Лигийн тэмцээний медалийн төлөөх тоглолт ойртож байгаа тул багийнхаа тамирчдад “Бэлтгэлээ сайн хийж, аваргаа хамгаалж, түрүүлэхийн төлөө хичээгээрэй” гэж хэлье.