Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тоймчийн үг

Хилийн чанад дахь “шоовдорлогдсон” иргэд

“Франц улсад амьдраад есөн жил болж байна. Нэг ч удаа санал өгсөнгүй дээ. Өгөх сөн гэж боддог. Гэвч саналаа өгөхөд төр улсын бодлого нь саад болж байна шүү дээ. Миний амьдарч буй газар дипломат төлөөлөгчийн газар байхгүй”.  Франц улсад амьдарч буй Монгол Улсын иргэн, зохиолч, сэтгүүлч Х.БОЛОР-ЭРДЭНЭ
2024-04-10

Эмзэг бүлгийн хүүхдүүдээ хөсөр хаясан төр

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)- оос “Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-ээ УИХ-д уламжлаад байна. Хууль тогтоогчид үүнийг ойрын үед хэлэлцэх ёстой. Гэвч хэлэлцээд нэмэр байна уу гэж асуумаар. Тухайлбал, энэ удаагийн илтгэлд эмзэг, эрсдэлтэй бүлэгт хамаарах хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн талаар хөндөв. Энэ бүлэгт хамаарах 52 096 хүүхэд бий гэнэ. ХЭҮК 23 удаа илтгэл танилцуулахдаа 16-д нь хүүхдийн эрхийн хүрээнд хамаарах аль нэгэн асуудлыг тусгаж иржээ
2024-04-05

Томсгосон тойрог “царцааны нүүдэл”-ийг хумих уу Томсгосон тойрог “царцааны нүүдэл”-ийг хумих уу

Улсын бүртгэлийн  ерөнхий газар (УБЕГ) өчигдрөөс сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсандаа байршуулж эхлэв. Үүнтэй зэрэгцээд “царцааны нүүдэл”-ийн талаар хөндөх хэрэгтэй болж буй юм. Энэ бол сонгууль бүрээр гардаг, шүүмжилдэг ч шийдэж чадалгүй орхидог сэдэв. Нийслэл, эсвэл орон нутагт өрсөлдөх хэн нэгэн улс төрчийг дэмжихээр урьдчилан тооцоолж, тодорхой тооны иргэд нэр дэвших тойрог руу нь хаягийн бүртгэлээ шилжүүлдэг бохир технологийг “царцааны нүүдэл” хэмээн нэрлэдэг. Тухайн нэр дэвшигчийн ойрын хүмүүс, дэмжигчид бүртгэлээ биечлэн шилжүүлэхээс гадна оршин байдаг нь үл мэдэгдэх “хий үзэгдэл” ч олноор гарч ирдэг. Хаяг дээр чинь огт зүс үзээгүй хэдэн “хамаатан” нэмэгдчихсэн байна гэсэн үг.
2024-04-02

Эмэгтэйчүүд тэрбум төгрөгийн эрэлд

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийн ерөнхий дүр зураг тодорхой болчихлоо. Одоо нэр дэвшигчдээ тодруулж, зарлах гол ажил үлдсэн. Тавдугаар сарын 14-20-нд нэр дэвшигчдээ зарлах ёстой. Тэр болтол хөшигний ард өрсөлдөөн өрнөсөөр байна. Уг өрсөлдөөнд ялах, эсэх нь горилогчдын бэл бэнчингээс ихээхэн хамаарч буй юм. Энэ удаагийн сонгуульд нам, эвслүүдээс зарцуулах зардлын дээд хэмжээ 6.4 тэрбум төгрөг байгаа. Мөн нэг нэр дэвшигч тойрогт 984.7 саяас 1.5 тэрбум төгрөгийн зардал гаргахаар Үндэсний аудитын газраас тогтоосон. Үүнээс өмнө намаасаа сонгуульд нэр дэвших эрх авахын тулд тодорхой зардал гаргах нь мэдээж. Харин МАН, АН-ын жагсаалтын эхний 15 байрын ханш 2-6 тэрбум төгрөг байгааг хэвлэлүүд мэдээлж буй. Энэ их мөнгийг хэн төлж дийлэх вэ. Хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл мөнгөний өндөр босгыг хэрхэн давах бол
2024-03-29

Эвсэл байгуулахад нөлөөлсөн айдас

Ирэх сонгуульд оролцох хоёр эвслийг шинжье. МУНН, Шинэ нам хамтарч Шинэ нэгдсэн эвсэл байгуулжээ
2024-03-27

Квот давуулах амлалтдаа Ардын намынхан хүрэх үү

МАН Хяналтын ерөнхий хорооныхоо дэргэд Жендерийн хороо байгуулжээ. Цаашид намын удирдах шатны байгууллагуудад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 40-д хүргэж, оролцоог нь ханган, холбогдох хуулиудын хэрэгжилтийг хянахын тулд ийм хороотой болж буй юм билээ. АН-ын хувьд өнгөрсөн арванхоёрдугаар сард жендерийн тэгш байдлыг хангах бодлогоо зарлаж, Улс төрийн зөвлөл нь энэ сарын 7-нд баталсан байна
2024-03-26

Сонгуулийн хуульд “боомилуулсан” жижиг намуудын шийдэл

Ирэх ням гараг бол нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх сүүлийн өдөр. Хэдэн нам, ямар эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлнэ, тэд л ирэх сонгуульд оролцох боломжтой гэсэн үг. Уг нь нам, эвслүүд сонгуульд оролцох, эсэхээ ирэх сарын 26-28-ны хооронд илэрхийлнэ хэмээн хуульд заасан. Гэсэн атлаа сарын өмнө мөрийн хөтөлбөрөө өгсөн нь л эл шаардлагыг хангах болчхоод байна
2024-03-21

Нэр дэвших эрхийн төлөөх марафон

УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулахад нам, эвслүүдэд хоёр сарын хугацаа үлдээд байна. Цаг нэлээд тулсан учраас өрсөлдөөн улам ширүүсэж буй аж. Мөн намын жагсаалтын урдуур багтах хүмүүсийн төлөх “хандив”-ын тодорхой ханш бий болсныг бид өмнө нь мэдээлсэн. Ялангуяа сүүлийн 34 жилд төрийн эрхийг ээлжлэн барьсан МАН, АН-ын хувьд жагсаалтын 15 “суудал” 2-6 тэрбум төгрөгийн ханштай болсон гэх. МАН-ынхан олонд хэдийн танигдсан улс төрчид, УИХ-ын гишүүд, сайд нараа тойрог руу түлхүү сойж, залуус, эмэгтэйчүүдээ жагсаалтад эрэмбэлнэ гэсэн мэдээлэл бий
2024-03-19

Хязгааргүй эрхийг хазаарлая

“Сүүлчийн удаа сонгуульд нэр дэвшье. Намдаа нэг суудал аваад ирье” хэмээн парламентад тасралтгүй таван удаа сонгогдсон гишүүн Б.Бат-Эрдэнэ намын удирдлагаасаа гуйж гэнэ. Яах нь вэ дээ. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг ухамсарлаж, дараа үедээ зайгаа тавиад өгөх зангарагтай байгаасай, улс төрчид. Уг нь тэрбээр 2020 оны сонгуулийн дараа энэ үгээ хэлж, “Одоо ах нь сайд л хийгээд үзчихье, дараагийн сонгуульд дахин нэр дэвших биш дээ” хэмээн гуйсан тухай нийгмийн сүлжээгээр хэсэг бичлээ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ хүсэлтийг нь хүлээж аваад түүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга хэмээх албан тушаал бий болгож өгөв
2024-03-15

Цахим орчныг хянаж чадах уу

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд улс төрийн нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар 6.4 тэрбум төгрөгөөр тогтоогоод буй. Мөн тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээ 894.7 саяас 1.5 тэрбум төгрөгийн хооронд байх юм. Төрийн аудитын байгууллагаас тогтоосон эл хязгаарт УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааж, зөвшөөрсөн сурталчилгаатай холбоотой бүх зардал багтах ёстой. Цахим орчныг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахад зарцуулах мөнгө нь зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байхаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан. Өөрөөр хэлбэл, нам, эвслийн хувьд 960, тойрогт нэр дэвшигч 134.2-225 сая төгрөгийг цахим орчин ашиглан сурталчилгаа явуулахад зарцуулах боломжтой гэсэн үг.
2024-03-14

Ардын хувьсгалаас Ардчилал руу өртөөлсөн 100 жил

Даашинхүүгийн пүүс Монголын ард иргэдийг өрөнд оруулсан нь 1900-аад оны эхэнд өрнөсөн бодит түүх. Монголын ноёд, хутагтаас эхлээд ард иргэдэд хэрэгтэй барааг хүүтэй зээлж, дараа нь мал болон алт, мөнгийг нь  “хамдаг” байсныг өнөө ч бид мартаагүй. Тухайн үед зээлийн хүү жилд 36 хувь байсан боловч пүүсийн эзэд 70-100 хувиар тооцож авдаг байжээ. Аливаа улсын хөгжилд санхүүгийн зуучлал ямар чухал үүрэг гүйцэтгэдэгийг дээрх түүхээс харж болно. Энэ бол Монголд орчин цагийн банкны систем бүрэлдээгүй 100 жилийн өмнөх явдал.
2024-03-13

 “Саарал” ардчилалтай Монгол

Анхаарууштай нь, бүс нутгийнхаа хэмжээнд зөвхөн манай улс сонгуулийн ардчилсан дэглэмээс “саарал бүс” рүү шилжсэнийг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, бид ардчиллаас аажмаар алсарч, ардчилсан бус дэглэм рүү ч халтирч мэдэх, тодорхойгүй, дундын бүсэд орчихож. “Саарал бүс” хэмээх ангиллыг энэ удаагийн тайланд анх танилцуулж буй бөгөөд манайхаас гадна Замби, Мексик, Малайз, Кени, Индонез, Албани зэрэг 12 орныг багтаажээ.
2024-03-12

Эмэгтэй Ерөнхий сайдын эрэлд

УИХ-ын сонгууль угтсан улс төр өрнөж байна. Аль намаас хэн хэнийг тойрогт сойж, ямар хүмүүсийг жагсаалтад багтаахтай холбоотой наймаа хөшигний ард “өндөр авч” буй бололтой. Улс төрчдөд парламентын 126 гишүүний нэг болохын төлөө “алалцах”-аас өөрөөр өдрөөс өдөрт уруудаж буй иргэдийнхээ ахуй амьдралыг хэрхэн өөд татах, улс орноо яаж хөгжүүлэх тухай бодох сэтгэл ч, хүсэл ч алга аж. Намууд энэ сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хяналт хийлгэхээр төрийн аудитын байгууллагад хүргүүлэх ёстой. Гэвч уг хөтөлбөр нь хэрхэн сонгогчдод таалагдах, тэдний саналыг яаж татах, яавал олонх болох вэ гэдэгт чиглэсэн байдаг гээд хэлчихэд буруудахгүй
2024-03-07

Тойргийг томсгосон тогтоолыг Цэц шүүх үү

Парламент өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд буюу “нүүрсний сонсгол”-д олон нийт анхаарал хандуулсан үеэр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай 112 дугаар тогтоол баталсан. Үүгээр таван бүсэд хамаарах нийт 13 тойрог байгуулж, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд сонгуулийн хоёр, гуравдугаар тойрогт баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, нэг, дөрөвдүгээр тойрогт хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, тав, долоодугаар тойрогт төвийн бүсийн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, зургаадугаар тойрогт зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг, 8-13 дугаар тойрогт Улаанбаатарын бүх дүүргийг хамруулан тогтоосон билээ
2024-02-28

Зудыг ашиглан жүжиглэж, зовлонгоор шоудсаар байх уу

Сонгуулийн албан бус сурталчилгаа, улс төрчдийн пиар зудаар дамжуулан үргэлжилж байна. Улсын гарьд, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн бяр нь хариагүйг “илтгэсэн” зураг нийгмийн сүлжээгээр тарж, хэд хоног амны зугаа болов. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дээрх гишүүнийг “магтсан” хэрэг л дээ. “Завханы Тэс сумаас гараад, малчин айлд тэжээл хүргэхээр явж байлаа. Гэтэл тэжээл ачсан “Зил-131” машин маань огцом өгсүүр өөд хүч алдаад унтрав. Маниулдаад асаах гэтэл дийлдэг хүн байдаггүй. Тэгээд Ц.Цэрэнпунцаг гишүүн сэнсэртэл эргүүлж асаасан нь энэ юм. Бяр хөгширдөггүй л юм байна” хэмээн тэрбээр бичжээ
2024-02-27

Эрэлтээс “мэндлэх” эвсэл

МНН болон МҮАН нэгдэж “Үндэсний эвсэл” байгуулан ажиллаж эхэлсэн. Мөн АН, МАН-аас бусад буюу улс төрийн 35 намыг нэгдэж сонгуульд оролцохыг ИЗНН-аас уриалж буй. Одоогоор үүнийг 10 гаруй нам дэмжиж, хамтрахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлээд буй юм билээ. Тэдгээр намын удирдлага уржигдар хаалттай уулзалт хийж, яагаад ингэж олуулаа эвсэх ёстой вэ хэмээн ярилцсан нь сайн хэрэг. Цаашид бусад нь ч нэгдэж, эвсэл болон ажиллахыг яагаад дэмжиж болохгүй гэж.
2024-02-23

Төрхөмдөө буцдаг бие даагчдад ээлгүй томсгосон тойрог

УИХ-ын сонгуульд нам, эвслүүдээс гадна бие даагч гэдэг бүлэг оролцдог. Манай улс найман удаа парламентын сонгууль явуулахад 1996 оноос бусдад нь бие даагч гишүүд сонгогдож байжээ. Тэгэхээр тэд парламентын бүрэлдэхүүнд байнга байдаг нэг дүр гэсэн үг. Холимог тогтолцоогоор зохион байгуулах гэж буй хоёр дахь, үүн дотроо бүсчилсэн том тойрогт өрсөлдөх анхны сонгууль болох гэж байна. Бие даагчид гэдэг бол аливаа нам, эвсэлд харьяалагдаагүй хүмүүс. Тиймээс хувь тэнцүүлсэн тогтолцоо буюу намын жагсаалтаар сонгогдох хувилбар үгүй
2024-02-22

Зартай “хулгай” замхрах уу

Боловсролын зээлийн сангийн “хулгай”-н талаар шуугьсанаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөх гэж байна. Өнгөрсөн хавраас буюу эл дуулиан дэгдсэнээс хойш хууль, хяналтын байгууллагууд үүнийг эрчимтэй шалгаж эхэлсэн бөгөөд тус сангийн хөрөнгөөр гадаадад 3069 хүн суралцаж, үүнд татвар төлөгчдийн 230.1 тэрбум төгрөг зарцуулсан хэмээн тогтоогоод буй. Уг нь үүнээс өмнө АТГ-аас зарим үйл ажиллагааг нь шалгаж, зөвлөмж өгсөн ч төдийлөн хэрэгжүүлээгүй юм билээ. Ямартайч шуугиан тарьж, “гэрэлд цохиулсан” болохоор эргэн төлөлт нь өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжирчээ
2024-02-21