Сонгууль болоход хоёр сар гаруйхны хугацаа үлдэж, горилогчид сонгуульдаа бэлдээд, ард иргэддээ хайр зарлаад тун завгүй. Жагсаалт болон тойргоос дэвших эрхээ авах гээд намууд дотроо хөнжил дотроо ч жийлцээд эхэлсэн гэх. Бэл бэнчинтэй нэг нь намдаа төлбөрөө төлж, намын жагсаалтад орохоор гүйж эхэлсэн бол нөгөө хэсэг нь андууддаа төлбөр төлж, тойрог олж авахаар зүтгэж эхлээд байна. Тэгвэл бид энэ удаад УИХ-ын сонгуулийн VII тойрог буюу говийн бүсэд өрсөлдөх магадлал өндөр улс төрчдийг танилцуулж байна. Сануулж хэлэхэд, энэ жагсаалт бол улс төрийн намуудын шийдвэр бус редакцын зүгээс дэвшүүлсэн таамаг болно.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тойрогт нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд нэлээд удсан. Гэв сүүлд томсгосон тойрогтой болох хууль батлах үеэр Л.Гантөмөр, Т.Доржханд нар түүнийг жагсаалтад орооч хэмээн ятгасан гэнэ. Хүмүүсийн таамагласнаар мөнгөтэй эрхмүүд мөнгөө төлж жагсаалтаар, олонд танигдсан нь тойрогт өрсөлдөхөөр байсан. Гэвч Монголын толгой баян эрхэм Сү.Батболд говийн бүсэд өрсөлдөх тухай яригдаж эхэллээ.
Тэрбээр сүүлийн гурван сарын турш өөрийн Чингис зочид буудалд говийн бүсийн нөлөө бүхий эрхмүүдтэй уулзалт хийсэн. Эхний удаад Дундговийн МАН-ын гишүүдтэй уулзсан бол удалгүй Өмнөговь аймгийн намынхаа гишүүдтэй уулзалт хийсэн. Одоо тун удахгүй Дорноговь, Говьсүмбэр аймгийнхантай уулзах сурагтай.
Мөн МАН-аас Б.Дэлгэрсайхан, Б.Саранчимэг гэх бийлэгжүү эрхмүүд дэвшихээр байна. Харин АН-аас “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнэ хамгийн хөл сайтай гэгдэж буй. Тиймээс ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс өөрийн хүмүүсээ түүнтэй тохирох замаар хөл шилжүүлж магадгүй.
Мөнхүү Б.Хурцын дэмжлэгээр О.Баасанхүүг тус тойрогт дэвшүүлж магадгүй болоод байна. Учир нь сүүлийн хэдэн сар О.Баасанхүү тус тойргийн иргэдийг услаад завгүй гэх. Хэд хэдэн удаа Өмнөговь аймагт очсон бөгөөд ингэхдээ нэр дэвшинэ гэдгээ ил тод зарлажээ. Харин Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат тус тойрогт нэр дэвших эрхээ хэдийн авчээ.
МАН-аас Б.Саранчимэг хотоос шилжиж, АН дахь Б.Наранхүү дүү нь санал хуваахгүйн тул дэвшихгүй гэжээ. Түүнчлэн АН-аас Х.Баттулгын хамаг л холбоо сүлбээг тогтоож, элдэв ажлуудыг ахалж буй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир яригдаж буй.
Говийн бүсэд Г.Мөнхцэцэг гишүүнд мандат олгохгүйгээр хотоос Нийслэлийн Засаг даргын орлогч байсан Н.Баярчимэгийг өрсөлдүүлэхээр тохирсон байна. Түүний хувьд Дорноговь аймагт төрж өссөн бөгөөд улс төрийн хүрээлэлд бол Д.Сумъяабазарын хүн гэдэг. Мөн Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад, УИХ-ын гишүүн болсон Т.Энхтүвшин энэ удаа говийн бүсэд дахин өрсөлдөх нь.
"Ажнай" Д.Бат-Эрдэнийн хөлийг тушихаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн зөвлөх Ө.Золбаяр дээр ашиглах тохироо хийсэн гэх бор шувуу жиргэж эхэлсэн.
Харин нэгэнт нүүрсний асуудалтай холбогдсон, асуудал нь хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас Н.Наранбаатар энэ удаад нэр дэвшихгүй болов уу.