Үл хөдлөх хөрөнгөборлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурсан билээ. Тодруулбал, хуульч О.Батхүү өнгөрсөн сарын 15-нд d.parliamend.mn цахим системээр дамжуулан үл хөдлөх хөрөнгөборлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг санаачилсан юм. Тэрбээр Хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн. Эл асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлүүлэхээр Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд хуваарилсан юм. Тэгвэл өчигдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэж, гишүүд саналаа хэллээ.
“Орон сууцаа олон удаагийн давтамжтай зарж байна уу гэдгийг ялгах хэрэгтэй. Байрандаа гурваас дээш жил амьдарсан бол өөрийн орон сууц гэж үзэх зэргээр асуудал яригдаж байгаа. Хуульд энэталаар нарийвчилж тусгахгүй бол “үл хөдлөх хөрөнгөборлуулсан” гэдэг ерөнхий үгээр явчихвал хөнгөлөлт, дэмжлэгийн урамшуулал хаана олгох вэгэдэг асуудал үүснэ” гэсэн саналыг Сангийн яамны төлөөлөл хэлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Хэдэн хувь нь байр борлуулж ашиг олдог, хэдэн хувь нь амьдарч буй орон сууцаа зарж байна гэдгийг ялгаж, судлах шаадрдлагатай” гэв. УИХ-ын гишүүн Д.Рэгдэл “100 мянган хүн гэдэг нь насанд хүрэгчдийн тав орчим хувь. Тиймээс иргэнийхээталд шийдвэр гаргах үүрэгтэй. 1992 онд үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх зорилгоор энэтатварын агуулгыг оруулсан. Одоо бол хоёр хувийн татвараар бүртгэдэг арга хоцрогджээ” гэсэнюм. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Замира “Иргэн О.Батхүүгийн саналыг дэмжиж байна. Давхар, давхар татвар авч байгаа асуудал бий. Сангийн яам татварын судалгаагаа сайтар хийж, ХАОАТ-ын заалтыг үндэслэн төр засагт ирэх татварын ачаалал ямар юм бэ гэдэг судалгааг сайтар гаргах хэрэгтэй. Ченжүүд орон сууц худалдаад байна уу, иргэд үү гэдэг судалгаа нь чухал. Хувь хүн өөрийн эзэмшлийн байраа худалдаж байгаа тохиолдолд татвараас чөлөөлөгдөх нь зөв” гэлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд үг хэлж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгөборлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгохоор Өргөдлийн байнгын хороо дэмжлээ.
Ч.Туяа