Санхүүгийн зохицуулах хорооны өчигдрийн хурлаар хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах болон тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох зэрэг 26 асуудлыг шийдсэнээ мэдээллээ. Тухайлбал, хоёр компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон олон нийтэд санал болгож буй бондыг бүртгэжээ. Түүнчлэн ердийн даатгалын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг, ББСБын зөвшөөрлийг гурав, ХЗХ ажиллуулах эрхийг нэг компанид олгосон аж. Харин таван компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хадгаламж, зээлийн хоёр хоршооны зөвшөөрлийг түдгэлзүүлж, нэг компанийн энгийн хувьцааг олон нийтэд санал болгох бүртгэлээс хасан, мөн нэг аж ахуйн нэгжийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна.