Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 22-нд дууссан тул түүний орны хүнийг томилох шаардлагатай болоод буй. Уг албан тушаалд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг нэр дэвшүүлсэн тухай бид мэдээлсэн. Энэ талаар эрх баригч намын УИХ дахь бүлгээр хэлэлцэн дэмжээд буй. Тэгвэл Төвбанкны тухай хуулийн 26.1-т “Монголбанкийг УИХ-аас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж, үйл ажиллагаагаа парламентын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр парламент нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан юм. Үүний дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос арванхоёрдугаар сарын 16-нд Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар товлосон байна.
Энэхүү сонсголд оролцох иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, ажиглагчид, асуулт тавих хүмүүсийг ирэх сарын 12 хүртэл бүртгэх аж.