- Монголд анагаахын шинжлэх ухаан хөгжин дэвшихэд орос мэргэжилтнүүдийн оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй -
Таракановская Марина Геннадиевна (Тэргүүлэх зэргийн эмч)
Монголд XIX зуунд орос эмч нар албан ёсоор анхлан ирсэн түүхтэй. Оросын консулын газарт фельдшер буюу түргэн тусламжийн ажилтан Осипов ирснээр өвчин зовлонтой энгийн ард иргэдээс элхээд түүнээс суралцахыг хүссэн эмч төдийгүй лам нар ч хандах болжээ. Энд онцлон тэмдэглэхэд Монголд анх удаа салхин цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтыг орос эмч хийсэн билээ. Тухайн цаг үеүдэд Монголд янз бүрийн тахал өвчний эсрэг тэмцлийг зохион байгуулж, ялан дийлсэн анхны Оросын эмч нарын баатарлаг үйлсийг монголчууд эрхэмлэн дурсдаг юм.
Түүхийн хуудаснаас товчлон дурдахад, 1898 онд Оросын эмч Д.Ю.Заболотный, доктор Ю.Д.ТалькоГринцевич (1899), профессор И.Н.Ланг, М.И.Подбельский (1900), доктор Ф.Ф.Сумиван (1901), М.Ю.Шрайбер, В.И.Шендриковский (1905-1906) нар тахалтай тэмцэх их үйлсийн эхэн үед гар бие оролцон зүтгэжээ.
1909 онд С.Б.Цыбиктаров эмчийн удирдлага дор хэвтэн эмчлүүлэх болон амбулаторийн гэсэн хоёр тасагтай анхны, жижиг эмнэлгийг нээжээ. Монголд албан ёсны анхны эмийн санг ч Оросын эмнэлгийн мэргэжилтнүүд 1910 онд нээсэн бол 1913 онд СанктПетербургээс нарийн мэргэжлийн эмч нарын хоёр баг ирж хараагүй хүмүүсийг эмчилж эхэлсэн түүхтэй. Тэд Монголд хараа сэргээх анхны мэс засал хийсэн юм. Тус хоёр багийн эгнээнд эмч О.П.Левистская, эх барихын эмч Е.А.Бородин нар багтжээ.
1929 онд Монголд томилогдон ирсэн Илья Леонидович Баевский бол эмч төдийгүй эдийн засагч байв. Тэрбээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх төрийн хөтөлбөрийг боловсруулсан гавьяатай билээ.
1944 онд Монголд ажиллаж байсан Зөвлөлтийн 135 эмч нарын олонх нь Оросын сургуулиуд байрладаг Улаанбаатар хотод төвлөрч байв. Тухайн цагт БНМАУ-ын 18 аймаг ердөө 41 эмчтэй байжээ.
1930 он гэхэд Улаанбаатар хотод эмч Н.М.Орлов, М.М.Плоткина, Т.Г.Таубкин нарын бүрэлдэхүүнтэй венеролог (БЗХӨ болон арьсны өвчин судлал)ийн диспансер ажиллаж эхэлжээ. 1926, 1927, 1929, 1933, 1936 онуудад РСФСР-ын Эрүүл мэндийн ардын комиссарын экспедицийн венерологийн таван багийн эмч, мэргэжилтнүүд Монголын алслагдсан аймгуудад хүрч ажиллаж байв.
1928 онд Улаанбаатар хотын эмнэлэгт хүүхэд, эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх төв эмнэлэг нээгдсэнээр БНМАУ-ын эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах салбарын эхлэл тавигджээ. Тус эмнэлгийн Төрөх тасгийн эмчээр С.И.Баренбойм томилжээ. Монголд төрөлтийн түвшнийг нэмэгдүүлэх, эх болон нярайн эндэгдлийг бууруулах, нийгмийн доройтлын өвчнийг арилгах нь Зөвлөлтийн төлөвлөгөөний салшгүй хэсэг байв.
Зөвлөлтийн эмч, мэргэжилтнүүдийн бий болгосон хүн ам зүйн сайн сайхан байдлын урьдчилсан нөхцөлүүд үр дүнтэй байсан нь батлагдсан юм. 19261961 онд 1000 хүнд ногдох төрөлт өсөж 21-ээс 40.2 хувьд хүрсэн бол нас баралт 20.5 хувиас 10.2 болтол буурчээ. Хүн амын өсөлт нь 1000 хүнд ногдох 0.5аас 30 хувь болж өссөн. (Цагаанхүү 1963: 61). 19201940-өөд оны эхэн үе гэхэд Зөвлөлтийн эмч нарын бүтээсэн энэхүү суурь нь хүн амын цаашдын хөгжлийн үндэс суурь болж, геополитикийн зорилгоо биелүүлсэн. 1957 он гэхэд Монгол Улс төрөлт болон хүн амын нийт өсөлтөөрөө социалист орнуудын дунд тэргүүлэх байр суурь эзэлжээ. Зөвлөлтийн тусламжтай байгуулсан эрүүл мэндийн тогтолцооны амжилт нь Монгол Ард Улсыг 1962 оноос хойш ЭЗХТЗ (СЭВ)ийн орнуудын дунд бат бөх байр суурь эзлэх боломж олгосон.
Ардын хувьсгалын дараа 1925 онд Монголд улсын анхны эмнэлэг нээгдэв.
1934 онд Засгийн газар ЗХУ-ын тусламжтайгаар анагаахын шинжлэх ухааны дэвшлийг нэвтрүүлэх, өргөн тархсан халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр ихээхэн ажил хийжээ. Зөвлөлтийн эмч, мэргэжилтнүүд эмнэлгүүд байгуулах, энэ салбарын ажилтнуудыг бэлтгэхэд нөр их тусалсан. Монгол залуучуудыг ЗХУ-ын анагаахын их сургууль, техникийн коллежид суралцуулахаар илгээж байлаа.
Үндэсний эмнэлгүүдийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор 1929 онд байгуулсан анагаах ухааны курсыг 1930 он гэхэд гурван жилийн сургалттай Анагаах ухааны техникийн сургууль болгон байгуулжээ. Тус сургуулийн 1933 оны төгсөгчид улсынхаа анхны түргэн тусламжийн эмч болон бэлтгэгдсэн юм.
1930-1934 онд БНМАУ поликлиник, сүрьеэгийн диспансер, бэлгийн замын өвчний диспансер, хэд хэдэн эмийн сан, шүдний эмнэлэг, бактериологийн лаборатори, тахлын эсрэг станц тай болж, рашаан устай газруудад суурилсан сувилал, амралтын газрууд байгуулж эхэлжээ.
ЗХУ-ын тусламжийн үр дүнд 1940 он гэхэд Монголд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 346 нэгж, төв үйл ажиллагаа явуулж байлаа. Зөвхөн 1934-1940 онд анагаах ухаанд зориулсан төсөв нь тав дахин нэмэгдсэн бөгөөд энэ хугацаанд 20 эмнэлэг, хэд хэдэн клиник, судалгааны лаборатори, амбулаторийн клиник, нэгж байгуулжээ. Тэдгээр байгууллагад Оросын эмч нар олноор ажиллаж байлаа.
1942 онд МУИС-д Анагаах ухааны факультет нээгдэж, тэнд багшилж, ажиллаж байсан профессор Н.Ф.Березкин, В.Н.Тополский, Л.Ю.Болдин, И.И.Крыжановская, Г.Я.Лебезен, В.П.Савенков, В.Т.Боев, Т.Ф.Благовидов, А.П.Двойнина нарын орос мэргэжилтнүүд оюутны боловсролд ихээхэн хувь нэмэр оруулж, тухайн байгууллагад асар их дэмжлэг үзүүлжээ. 19421976 онд Монгол талын урилгаар тус факультетэд Оросын 82 багш ажилласны дунд алдартай мэс засалч, ирээдүйн эрдэмтэд, нэртэй профессорууд байв.
Павел Николаевич Шастин

П.Н.Шастин бол 1914 оноос Зүүн Сибирийн эмч нарын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан нэрт мэс засалч. Анагаахын шинжлэх ухааны салбарт оруулсан түүний хувь нэмэр, гавьяаг үнэлэн Гэгээн Станиславын одон, Гэгээн Аннагийн II одонгоор шагнасан.
Шастин Николай Павлович

1923 онд Павел Николаевичийг БНМАУ руу томилсноор эмчилгээ, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний байгууллагыг үүсгэн байгуулжээ. Тэрбээр 1925 онд Улаанбаатар хотод амбулаторийн эмнэлэгтэй анхны эмнэлгийн өрхийг татав. П.Н.Шастин Монголд 14 жил ажилласан төдийгүй түүний хүү Николай болон эхнэр Тамара Ященко нар үйлсийг нь үргэлжлүүлсэн түүхтэй. Мөн хүү Павел ч Монголын Хүүхдийн төв эмнэлэгт мэс засалчаар ажиллаж байлаа. Шастины гэр бүлийнхэн ийнхүү үе дамжин Монголын анагаахын салбарт 30 гаруй жил өндөр үр өгөөжтэй ажилласан юм. Монголын төр П.Н.Шастин эмчийн гавьяаг үнэлж 1934 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, улмаар Монголын 100 алдарт хүний нэг болохыг батлан алдаршуулсан. БНМАУ-ын АИХын зарлигаар Улаанбаатар хотын Гуравдугаар эмнэлгийг П.Н.Шастины нэрэмжит болгосон бөгөөд 1969 онд уран барималч П.Зулзагын бүтээсэн дурсгалын хөшөөг нь тус байгууллагын өмнө залжээ.

Борис Васильевич Петровский бол Зөвлөлт-Оросын мэс засалч, эрдэмтэн, судлаач, эрүүл мэнд, нийгмийн зүтгэлтэн. Анагаахын шинжлэх ухааны доктор, профессо, ЗХУ-ын Эрүүл мэндийн сайд, ЗХУ-ын Анагаахын шинжлэх ухааны академийн Бүх Холбоотны мэс заслын төвийн захирал, ШУА-ийн академич, РСФСР-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн.

1938 оны наймдугаар сард Хасан нуур болон Халх голын ойролцоо болсон тулааны үед А.В.Вишневскийн (эмчилгээний тос бүтээгч, мэс засалч) зөвлөсний дагуу эмч А.А.Вишневский (зүрх, судасны болон цэргийн мэс заслын шинэ салбарыг үндэслэгч. Дэлхийн хэмжээнд нэр нь түгсэн эмч бөгөөд А.В.Вишневский эмчийн хүү) нарын бүрэлдэхүүнтэй багийг тус бүс нутагт илгээжээ. Хэвлийн хөндийн нэвчилттэй шархыг тос-бальзамын эмульс болон новокаин ашиглан амжилттай эмчилсэн түүхтэй. Энэ гавьяаных нь төлөө Александр Александрович Вишневскийд “Улаан Од” одон хүртээжээ.

Зөвлөлтийн нэрт мэс засалч, эрдэмтэн, судлаач Б.А.Петровыг олон улсад андахгүй. Тэрбээр гэмтлийн эмгэг судлал, цэргийн болон тэнгисийн цэргийн мэс засал, хэвлийн яаралтай мэс засал, мэдээгүйжүүлэг, нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр өргөн хүрээний судалгаанд тулгуурласан том ажлууд гүйцэтгэсэн гавьяатай.

Н.Ф.Березкин анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, цээжний хөндийн мэс засалч.

Гельфанд Борис Романович анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич, гавьяат эмч.

Александр Васильевич Анисимов дайны дараа Монголд томилогдон, хоёр жил ажилласан. Тэрбээр эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эмгэгийг судалж, жирэмсний үеийн янз бүрийн эмгэгийг тодорхойлж, шалтгааныг эрэлхийж, өнөө үед хэрэглэж буй эмчилгээний шинэ аргуудыг боловсруулсан эрдэмтэн юм.

Улсын төв эмнэлгийн лабораторийн ажилтнууд. 1948 он. Пушкина эмч, лаборантууд: Валентина Карбышева, Тамара Михайловна Полуянова, сувилагч Мария Огурцова.