Улсын хэмжээнд 2025-2027 онд нийт 110 мянга гаруй жирэмсэн эмэгтэйг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах үндэсний аяныг өнгөрсөн баасан гаргаас эхлүүллээ. Эл бичил тэжээл нь жирэмсэн эмэгтэйчүүдийн өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах 10 нэр, төрлийн амин дэм, таван төрлийн эрдсийг тэнцвэртэйгээр агуулснаараа онцлогтой. Монгол Улсын эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, үр дүн нь шууд гарах, нотолгоонд суурилсан, маш чухал ажлыг эхлүүлж байгааг Эрүүл мэндийн сайд онцлоод, үндэсний хэмжээнд энэ аяныг зохион байгуулснаар нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн жирэмсэн эмэгтэйчүүд шаардлагатай бичил тэжээлд тогтмол, тасралтгүй хамрагдах боломжтой болж буйг тодотгов. Жирэмсэн эмэгтэй бичил тэжээлийн дуталгүй байх нь бага жинтэй төрөх эрсдэлийг 12, дутуу төрөх эрсдэлийг найм, амьгүй төрөлтийг мөн найман хувиар бууруулах ач холбогдолтой. Үүнээс гадна цус багадалт, нярайн эндэгдлийг 29 хувь хүртэл бууруулах боломжтой юм байна.
Ч.Болор