Хөгжмийн MTV суваг эфирт гарахаа болив. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард тус телевизийнхэн өнгөрсөн сарын 31-нээр MTV Music, MTV 80s, MTV 90s, Club MTV болон MTV Live сувгаа хааж буйгаа мэдэгдсэн ч учир шалтгааныхаа талаар тайлбарлаагүй юм. Гэвч хүмүүс хөгжмийн клип, шинэ содон уран бүтээлийг телевизээр үзэхийн оронд “Youtube”, “TikTok”, “Spotify” зэрэг онлайн платформоос хүссэн контентоо шууд хүлээн авах болсон тул ийм төрлийн суваг шаардлагагүй болсон хэмээн хөгжим сонирхогчид таамаглаж буй.
MTV анх 1981 оны наймдугаар сарын 1-нд АНУ-д нээлтээ хийсэн. Эфирээр цацагдсан анхны видео нь “Buggles” хамтлагийн “Video killed the radio star” байсан бөгөөд энэ нь MTV Music-ийн арванхоёрдугаар сарын 31-нд тоглуулсан сүүлийн клип байсан аж.
Д.Сэлэнгэ