Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудаас хамгийн ашигтай ажиллаж, өндөр дүнгээр ногдол ашиг тараадаг аж ахуйн нэгжийн нэг бол орон нутгийн “Тавантолгой” юм. Тус компани Уул уурхайн биржийн тухай хуулийн дагуу экспортлох нүүрсээ биржээр арилжиж эхэлсэн. Улмаар тус компани 2024 онд 4.3 сая тонн нүүрс олборлосноос 2.7 саяыг нь биржээр борлуулжээ. Харин 2025 онд нийт 5.37 сая тонн нүүрс биржээр арилжсан нь өмнөх оныхоосоо хоёр дахин өссөн дүн гэнэ. Борлуулсан нүүрснийх нь 30 орчим хувь нь коксжих байсан аж. Ингэснээр “Тавантолгой” нь өнгөрсөн онд нүүрсний борлуулалтаас 1.7 их наяд төгрөгийн орлого олсон байх боломжтой. Ташрамд дурдахад, 2024 онд борлуулалтын орлогоос 1.16 их наяд төгрөг олж, 412.3 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Түүнчлэн ашгийнхаа 88 хувийг буюу 366.5 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилсан нь хэмжээгээрээ хувьцаат компаниуд дунд хоёрдугаарт жагссан дүн болж байв.