Сүүлийн жилүүдэд монголчууд ялангуяа өвлийн улиралд дулаан орныг зорин амарч, аялах нь нэмэгдсэн. БНХАУ, Тайланд, Вьетнам зэрэг улс руу түлхүү зорчдог бөгөөд түүний дотор Фукуок руу олноор аялах болсон. Тэгвэл Фукуок хотын 389/PQ удирдах хорооны Байнгын албанаас жуулчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор тус бүс нутагт гарч буй хил дамнасан хууль бус наймаа, хулгай, дээрэм, худалдааны луйвар, хуурамч бараа бүтээгдэхүүн, үнийн болон бусад зөрчлийн талаар олон улсын байгууллага, иргэдээс мэдээлэл, санал хүсэлт хүлээн авах 24/7 шуурхай утас ажиллуулж эхэлснээ мэдээллээ.
Энэхүү шуурхай утсыг үнэ тогтворжуулах, хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, мөн дотоод, гадаадын жуулчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор нээжээ. Дээрх зөрчлүүдэд өртсөн, илрүүлсэн, сэжигтэй шинж тэмдэг ажигласан иргэн, аж ахуйн нэгжүүдийг 0916 990 633 дугаарын утсаар болон kthdt.phuquoc@angiang. gov.vn и-мэйл хаягаар холбогдон, мэдэгдэхийг анхааруулсан байна. Шуурхай утсыг амралтын болон баярын өдрүүдийг харгалзахгүйгээр өдөр бүр 24/7 цагаар ажиллуулж буй аж. Ирүүлсэн бүх мэдээллийг өндөр нууцлалтайгаар хадгалах бөгөөд тухайн дуудлагын дагуу авсан арга хэмжээний талаар ч хариу өгөх гэнэ.
О.Оргилох