Төгрөгийн ханш юанийн эсрэг түүхэн доод түвшиндээ хүрч сулраад байна. Мягмар гарагт Монголбанкнаас зарласан юанийн хаалтын албан ханш 529.18 нэгжийн түвшинд хүрсэн нь 2023 оны II сарын дээд цэг болох 519.75 нэгжээс дахин 10-аар суларсан үзүүлэлт боллоо. Тэгвэл өчигдөр 14.00 цагийн үед Төвбанкны албан ханш 529.15-тай байсан бол арилжааны банкуудын бэлэн бус ханшаар нэг юань авах нь 526.90, зарах нь 530.70, бэлнээр зарах нь 533.60 төгрөг байв. Харин “Найман шарга” валютын захад өчигдөр нэг юанийг 531 төгрөгөөр авч, 535-аар зарж байсан юм.
Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан юанийн своп хэлцлийг хүчин төгөлдөр мөрдөж буй. Төвбанкнаас өгсөн мэдээллээр юанийн своп хэлцлийн үлдэгдэл зургаан тэрбум юань байгаа бөгөөд цаашид энэ хэмжээг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурь баримталж байна. Ташрамд, олон улсын зах зээлд юанийн ханш голлох валютын сагсны эсрэг сүүлийн нэг жил гаруйн дээд түвшиндээ хүрчээ. Өмнө нь хоёрдугаар сард ам.долларын эсрэг түүхэн дээд цэгтээ хүрч, чангарсан бөгөөд үүнээс хойш харьцангуй хэлбэлзэл багатай байсан юм.
Г.Сансар