
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Япон Улсын Фүкүока хотын “Мэйходо” ХХК-ийн захирал Су Кин өөрийн хувийн цуглуулгаасаа тус улсын үнэт сурвалжид хамаарах “Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн 40 метрийн урттай хуулбарыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд гардуулан өгөв. Уг бүтээлийг Их Монгол Улсын эртний нийслэлийн түүхийг хадгалан хамгаалдаг Хархорум музейн сан хөмрөгт хадгалуулах бөгөөд цаашид эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулж, тусгай үзэсгэлэн гарган олон нийтэд сурталчлах аж.
Энэхүү бичвэр нь 1274 болон 1281 онд Юань гүрний Хубилай хааны усан цэргийн флот, Японы самурайнуудын хооронд болсон тулааны үйл явдлыг харуулсан ховор сурвалж юм. Тухайн үед дайнд биечлэн оролцсон самурай Такэзаки Сүэнэга өөрийн байгуулсан гавьяа болон тулааны бодит байдлыг мөнхжүүлэх зорилгоор 1293 онд захиалан бүтээлгэсэн түүхтэй. ҮүндXIII зууны үеийн Монголын дайчдын зэвсэг, байлдааны тактик, хувцас хэрэглэл, хөлөг онгоцны бүтэц болон тухайн үеийн Японы нийгэм, соёлын онцлогийг нарийн дүрсэлжээ. Тиймээс энэхүү бүтээл нь хоёр орны түүхэн харилцаа, цэргийн түүх судлал болон Азийн бүс нутгийн дундад зууны үеийн түүхийг тодруулахад өндөр ач холбогдолтой эх сурвалж аж.