Уран бүтээлч Энхболдын Орхон “On the way back home” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд дэлгэлээ. Тэрбээр энэхүү үзэсгэлэнгээрээ гадаад, дотоод ертөнцийн харилцан хамаарал, дарагдсан мэдрэмж болон өөрийгөө сонсох тухай эрэл хайгуулаа үзэгчдэд хүргэж байна.
Гадаад болон дотоод ертөнц хоорондоо тусдаа мэт санагдавч үнэн хэрэгтээ үргэлж нэг нэгнээ нөхөж оршдог. Бидний дотоодод амьдралыг маань чиглүүлэгч нэгэн намуухан дуу хоолой нуугдаж байдаг билээ. Тэр хэзээ ч чангаар хашхирдаггүй ч нам гүмийн дунд амьсгал мэт оршиж, юуг мэдэрч, юуг хүсэж буйг маань ямагт сануулсаар байдаг. Гэвч цаг хугацааны эрхэнд тэрхүү дуу хоолой өдөр тутмын амьдралын хэв маягт дарагдан бүдгэрдэг аж. Бид мэдэрч буйгаа нууж, хүсэж байгаагаа хойш тавьсаар дотроо олон зүйлийг чимээгүйхэн орхидог. Улмаар өөрийгөө сонсохын оронд тэвчихийг, мэдрэмжээ таньж мэдэхээс илүү түүнийг дарангуйлахыг сонгох нь олонтоо. Гэсэн хэдий ч дарагдсан мэдрэмжүүд хэзээ ч ор мөргүй алга болдоггүй бөгөөд сэтгэлд үлдэж, өөрийн гэсэн өвөрмөц хэлэмжээр бидэнтэй ярьсаар байдаг аж. Харин тэдгээрийг эргэцүүлэн сонсохын тулд өдөр тутмын түргэн хэмнэлээс түр ч болов хөндийрч, өөртэйгөө нүүр тулах зориг хэрэгтэй юм. Энэ утгаараа “On the way back home” үзэсгэлэн нь үзэгчийг гадаад орчноос түр холдон, өөрийн дотоод ертөнцийн нандин орон зайд анхаарлаа хандуулахыг урьж буйгаараа онцлогтой. Өдрийн завгүй хэмнэлээс хэсэгхэн зуур тасарч, сэтгэлийн гүн дэх тэрхүү намуухан дуу хоолойтой учрах боломж олгож буйгаараа уг үзэсгэлэн ач холбогдолтой гэнэ. “On the way back home” үзэсгэлэнг ирэх сарын 5-ныг хүртэл толилуулах бөгөөд үнэ төлбөргүй аж.
Уран бүтээлч Э.Орхон нь Соёл, урлагийн их сургуулийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийг 2017 онд медиа анимэйшн, график дизайны чиглэлээр төгссөн бөгөөд 2025 онд БНСУ-ын Сөүлийн Шинжлэх ухаан, технологийн их сургуульд дүрслэх урлагийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр анимэйшн, уран зураг, иллюстраци, инсталляц зэрэг дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээлээ туурвидаг нэгэн юм. Өмнө нь БНСУ-д зохион байгуулсан “Анхны оршихуйнууд”, “Art Seongsu” зэрэг үзэсгэлэнд бүтээлээ толилуулж байсан туршлагатай.
Э.СҮЙЛЭН