Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиас хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж, энэ оны гуравдугаар сарын 31-нээс мөрдүүлж эхлээд буй. Түүнчлэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар барьцаалан зээлдүүлэх газруудыг алданги тооцохыг хориглосон бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд банк санхүүгийн байгууллагын адил зээлийн хүүгийн дээд хэмжээг 20 хувиар тооцох зохицуулалт тусгасан. Эдгээр хууль, шийдвэрийн хэрэгжилтийг хянах зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо, нийслэлийн Цагдаагийн газраас хамтарсан шалгалт эхлүүлжээ. Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 33 хуулийн этгээдийн үйл ажиллагааг шалгахад илүү хүү тооцон зээл олгосон, нэмэлт төлбөр, шимтгэл авсан, хаяг, байршлын мэдээллээ холбогдох байгууллагад бүртгүүлээгүй, зөвшөөрөлгүйгээр салбар нээн ажиллуулсан зэрэг зөрчил илэрсэн байна. Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 70 хувь нь харьяа байгууллагад бүртгүүлэлгүй үйл ажиллагаа явуулж байжээ. Цаашид бусад дүүрэг дэх ломбардуудыг шалгаж, хууль, журмын хэрэгжилтийг хангуулах аж.
Ж.Сувд