“FIBA world cup” тэмцээн Монгол Улсын нийслэлийн төв талбайд ид өрнөж буй. Ингэснээр манай улс “Дэлхийн их дуулга” (World tour), “Эмэгтэйчүүдийн 3х3 олон улсын цуврал” (Women’s series) болон “Дэлхийн цом” (World cup)-ыг зохион байгуулсан анхны улс болж байна. Түүнчлэн 3х3 нь цомхон бүтэцтэй, хаана ч тоглох боломжтойгоос гадна түүний хурдтай өрнөл, сонирхолтой хэв маяг нь медиа компаниудын анхаарлыг татаж, үнэ цэн нь улам өссөөр байгаа юм. Жил бүр энэ төрлөөр 1000 гаруй тэмцээн зохион байгуулагддаг ба 150 гаруй улсын сагсан бөмбөгийн холбооны хөтөлбөрт багтсан аж. Ийнхүү эрчээ авсан 3х3-ын онцлог, түүнийг тойрсон сагсан бөмбөгийн шинэ зах зээлийн талаар мэдээлэл хүргэе.
Талбайд гурван тоглогч, нэг сэлгээний тамирчинтай баг тоглолтод оролцдог нь 5x5-тай харьцуулахад хүн хүч багатай гэсэн үг. Нийт талбайн хэмжээ нь 165 метр квадрат буюу жирийн сагсны талбайгаас даруй хоёр дахин бага. Тоглолт нийт 10 минут үргэлжилдэг тул эрчтэй, хурдан өрнөлтэй. Эл онцлог шинжүүд нь тус спорт аль ч нийгмийн бүлэг, орон зайд хөгжих нөхцөл болж буйг спорт тайлбарлагчид онцолдог. Үүнээс гадна Олон улсын сагсан бөмбө гийн холбоо (FIBA) 3x3-ыг 2010 оноос эхлэн спортын албан ёсны төрөл болгон хөгжүүлсэн нь өдгөө олон улсын зах зээлд хүч түрэхэд голлон нөлөөлжээ. Мөн 2020 оны Токиогийн олимпод анх удаа 3x3 төрлийг оруулсан нь тус спортын нэр хүнд, үнэ цэн пуужин адил “хөөрч”, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөний илрэл болсон юм. “Парис 2024” олимпын 3x3 финалын тоглолтыг 7.4 сая хүн нэгэн зэрэг үзэж байсан нь Щвейцар улсын хүн амтай тэнцэнэ.
Хотын төвд, эсвэл задгай талбайд бага зардлаар зохион байгуулдаг тул спортын брэнд, дижитал платформууд өөрсдийн сурталчилгаагаа байршуулах, ивээн тэтгэх сонирхолтой болж байгаа нь шинэлэг бизнес модел болж буй хэмээн зар сурталчилгааны мэргэжилтнүүд хэлдэг. Түүнчлэн тоглолт богино хугацаанд үргэлжилдэг нь YouTube, TikTok зэрэг платформын рийл, контент хэлбэрт нэн зохицож байгаа аж. 3x3 сагсан бөмбөг нь хип-хоп хөгжим, хотын соёл, орчин үеийн амьдралын хэв маягийг агуулдаг тул залуусыг уг спортод татах гол шалтгаан болж байгаа. Тус зах зээлд хэдий хэмжээний мөнгө эргэлдэж буй нь бүрэн судлагдаагүй ч ивээн тэтгэгчид, телевизийн шууд дамжуулалт болон медиа эрх, контент, тасалбар, багуудад зарцуулж буй хөрөнгө оруулалтаас орлогождог нь ил буй. Дэлхийн сагсан бөмбөгийн зах зээлд долоон тэрбум гаруй ам.доллар эргэлддэг. Цаашид үүний чамгүй хэсэг нь 3x3-аас бүрдэх шинжтэй гэнэ.
Сонирхуулахад, манай улсын 3x3 эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Хулан Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос тогтоосон чансаагаар дэлхийн “Топ 5”-д эрэмбэлэгдсэн. Мөн эрэгтэй шигшээ багийн тамирчин А.Анандыг хөгжөөн дэмжигчдийн санал хураалтаар сонгодог 3x3 сагсан бөмбөгийн 2022 оны шилдэг тамирчнаар тодруулж байв. Манай тамирчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баримт үүгээр дуусахгүй.
Д.Хүслэн