Дэлхийн банкнаас өнгөрсөн даваа гарагт олон нийтэд танилцуулсан тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, ирээдүйд үүсэх сорилтуудад бэлтгэх санхүүгийн зөвлөмжийг тусгажээ. Тодруулбал, манай улсын Засгийн газарт төсвийн зарцуулалтын үр ашгаа нэмэгдүүлэх, эдийн засгаа уул уурхайгаас ангид хөгжүүлэх, хүний хөгжил болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар төсвийн шинэчлэл хийх шаардлагатайг сануулсан байна. Нүүрсний экспортын ашиг Монгол Улсын гадаад өрийг бууруулж, улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсэн ч зайлшгүй анхаарах хэд хэдэн асуудал бий гэнэ. Ипотекийн зээлийн хөнгөлөлт, төрийн өмчит компаниудаар дамжсан зардал их байгаа нь төсвийн хяналт, эдийн засгийн сахилга батыг сулруулах эрсдэлтэй байгааг онцолжээ.
Мөн “Нийгмийн халамжийн үйлчилгээ нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад нөлөөтэй ч зорилтот түвшинд чиглэх нь чухал. Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, төсвийн төвлөрлийг сааруулах, тэнцвэрийг хангах, татварын тогтолцоогоо шинэчлэх шаардлагатай” хэмээсэн байна. Эдгээр шинэчлэл нь гадаад өрийн дарамт, инфляцыг бууруулахад тустай аж. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Тэхюн Ли “Монгол Улс чухал шийдвэрийн өмнө ирээд байна. Өнөөгийн эдийн засгийн өсөлт улсын төсөвт сайнаар нөлөөлж байгаа ч дээрх шинэчлэлүүд удаашрах юм бол уналтын цикл давтагдах эрсдэлтэй” хэмээсэн юм.
Д.Сэлэнгэ