УИХ-аас өнгөрсөн онд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлахдаа Хөгжлийн банкийг экспорт, импортын банк болгохоор тусгасан. Үүний хүрээнд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал Хөгжлийн банканд ажиллажээ. Дээрх зорилтын хүрээнд хэд хэдэн ажил хийх шаардлагатай байгаа аж. Тодруулбал, чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх, арилжааны банктай өрсөлдсөн түр зуурын санхүүжилтээс татгалзах, эдийн засагт үр өгөөжтэй, том төслүүдийг санхүүжүүлэх, хэрэгжүүлэх төслөө заавал УИХ-аар батлуулах, үйл ажиллагаа, зээл, төслийн мэдээллийг нээлттэй болгохыг Тэргүүн шадар сайд Хөгжлийн банкны удирдлагад үүрэг болгосон байна. Мөн банкны засаглалыг сайжруулж, улс төрийн нөлөөнөөс салган, нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нь чухал гэв. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Тиймээс энэ талаар олон нийтээс санал авч байж хуулийн төсөл боловсруулах чиглэл өгсөн байна.
С.Уул