Арилжааны банкнууд тэтгэврийн зээлийн хэмжээ болон хугацааг дур мэдэн өөрчилж буйг эсэргүүцсэн ахмадууд өчигдөр мэдээлэл хийв. Тэд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардсан юм.
Ахмадын төлөөлөл “Ерөнхий сайд төв болон арилжааны банкнуудад тэтгэврийн зээл олгоход баримтлах өр, орлогын харьцааг 50:50 болгосныг хүчингүйд тооцох чиглэл өгсөн гэж саяхан мэдээлсэн. Үүний дагуу арилжааны банкнууд наадмын өмнөх гурван хоногт тэтгэврийн зээлийг 24 сараар 100 хувь олгосон. Гэвч энэ нь “шоу” байж. Учир нь долоодугаар сарын 18-наас ХААН банк 18, Төрийнх 12, Худалдаа хөгжлийнх 24, “Голомт” 24 сараар тэтгэврийн зээл олголоо. Дур мэдэн хугацааг нь багасгасантай холбоотойгоор бид арилжааны дөрвөн банканд шаардах бичиг хүргүүлсэн. Гэвч “Голомт” банкнаас зээлийн хугацааг 18, хэмжээг нь 70 хувь болгон өнгөрсөн сарын 24-нд бууруулсан гэв.
Мөн ГБХНХЯ-наас арилжааны банкнуудад тэтгэврийн орлого барьцаалсан зээлийн хэмжээ, хугацаанд өөрчлөлт оруулахгүй, хүндрэл чирэгдэлгүй олгох албан бичиг ч хүргүүлсэн. Гэтэл эл шийдвэрийг “Голомт” банкныхан үл тоож байна гэсэн юм. Түүнчлэн Төрийн банк тэтгэврийн зээлийг зургаан сараар олгох шийдвэрийг энэ сарын 6-нд гаргажээ. Тэгэхээр 24 сараар зээл авсан ахмадууд 18 сар ямар ч орлогогүй, яаж амьдрах юм бэ хэмээсэн. “Арилжааны бүх банк тэтгэврийн зээлийн хүүд давхар хүү тооцох замаар ахмадуудыг мөлжиж байна. Иймд тэтгэврийн зээлийн хүүг бодохыг зогсоох, доод хэмжээг нь 1.5 сая болгох нь зүйтэй. Мөн хүүг нь 12 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчлах шаардлагатай. Бас тэтгэврийг 36 сараар олгох хэрэгтэй” гэж ахмадууд үзэж байна.
У.Цэцэг