Худалдааны салбарын төлөв, энэ оны эхний хагас жилийн борлуулалтын тоон үзүүлэлтийг ҮСХ-ноос танилцууллаа. Манай улсын худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний хагас жилд 30.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 хувь буюу 196.4 тэрбум төгрөгөөр буурсан байна. Тус орлогын 77 хувийг хүнс, ундаа, жимс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс бусад төрлийн барааны борлуулалт бүр¬дүүл¬жээ. Гэсэн ч энэ төрлийн бүтээгдэхүүний худалдаа жилийн өмнөхөөс 711.7 тэрбумаар багассан аж. Энэ нь дизель, хатуу, шингэн, хийн түлш, хөдөө аж ахуйн түүхий эд, мал, амьтан, машин, тоног, төхөөрөмжийн бөөний худалдааны эрэлт зах зээлд зохих хэмжээгээр буурсантай холбоотой гэнэ. Сонирхуулахад, энэ оны эхний хагас жилийн борлуулалтын орлогын 43.6 нь бөөний, 56.4 хувь нь жижиглэнгийн худалдааны салбарт ногдож байна.
“Энэхүү тоон үзүүлэлтээс харвал салбарын борлуулалт ерөнхийдөө тогтвортой, хүнсний бус бүтээгдэхүүний орлого буурсан нь бөөний худалдааны эрэлт багассантай холбоотой ба зах зээл жижиглэнгийн худалдаанд төвлөрсөн хэвээр байна. Салбарын эдийн засаг эмзэг бус, харин тодорхой төрлийн барааны эрэлт буурснаар орлогын жигд бус өөрчлөлт ажиглагдаж буй” хэмээн эдийн засагчид тайлбарлалаа.
Д.Хэрлэн