Сангийн яамнаас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг энэ сарын 15-нд Засгийн газарт хүргүүлэв. Үүнээс өмнө 15 хоногийн турш цахимаар болон танхимаар иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагуудаас улсын төсвийн талаарх саналыг авсан билээ. Улмаар ирэх жилийн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 31.6, зарлагыг 33, суурь тэнцлийг хоёр их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх ашигтай байхаар төлөвлөсөн байна.
Ирэх онд эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшилд суурилсан өсөлтийн загварыг дэмжих замаар макро тогтвортой байдлыг хадгална гэжээ. Иргэн төвтэй, бизнесийн орчныг дэмжсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэхээр тооцсон байна. Тэгвэл иргэд, аж ахуйн нэгжүүд татварын дарамтыг бууруулахыг хамгийн их хүсэж, шаардаж буй. Энэ тухайд Засгийн газар НӨАТ-ын хөнгөлөлтийг үе шаттай нэмж, татварын ачааллыг бууруулах гэнэ. Иргэд худалдан авсан хэмжээнээсээ хамааран хоёр, тав, 10 хувиар НӨАТ-аа буцаан авах аж. Мөн бүх нийтээр шударгаар татвар төлдөг тогтолцоо бий болгохыг зорьжээ. Түүнчлэн төсвийн зардлыг 2025 оны түвшинд барьж, дахин хуваарилалт хийн, иргэнд ээлтэй, хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн байна. Эдийн засгийн өсөлтийг 5-6 хувьд хадгалах, урсгал зардлыг энэ оны түвшинд буюу ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй барихаар төлөвлөсөн аж. Эрүүл мэнд, боловсролын салбарыг онцгойлон “харж үзсэн”-ээс гадна онцгой байдлын салбарт шинэ, дэвшилт техник авах, гал түймэр унтраах тусгай төхөөрөмж, хэрэгслийн бэлэн байдлыг хангахад зориулж 59.7 тэрбум төгрөг тусгасан байна.
С.Уул