2026 оны төсвийн тухай хуулийн төслийг Сангийн яамнаас боловсруулан, Засгийн газарт хүргүүллээ. Тодруулбал, Монгол Улсын ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30.9 хувь, нийт зарлагыг 33 их наяд төгрөг буюу 32.2 хувь байхаар тооцжээ. Түүнчлэн төсвийн суурь тэнцлийг хоёр их наяд төгрөг (ДНБ-ий хоёр хувь)-тэй тэнцэх ашигтай байхаар төлөвлөсөн байна. Ингэснээр ирэх оны төсвийн урсгал зардал 25.1 их наяд болж өмнөх оныхоос 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байгаа ч Сангийн яам салбар хоорондын зохицуулалт хийж, урсгал зардлыг ДНБ-ий 24 хувьд барихаар төлөвлөсөн гэнэ. Ирэх онд манай улсын эдийн засаг 5.7 хувиар өсөж, дунд хугацааны тогтвортой өсөлтийн түвшнийг хангахаар байгаа аж.
2025 онд манай нийт экспортын орлого 15.8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй бөгөөд цаашид төмөр замын суурь дэд бүтэц сайжрах, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтын тээвэр нэмэгдэх, зэс, алтны олборлолтын нөлөөгөөр ирэх жил тус орлого 16.6 ам.долларт хүрэхээр байгаа гэжээ. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд 5-6 хувьд хадгалж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь Сангийн яамны бодлогын гол зорилт хэмээв.
Д.Хэрлэн