Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар бол иргэд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан тохиолдолд хоёр хувийн татвар төлөх зохицуулалттай. Тодруулбал, 145 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө худалдсан хүн татварт 2.9 сая төгрөг төлдөг. Тэгвэл энэ хуулийн заалтыг хүчингүй болгох зорилгоор нэр бүхий иргэний гаргасан нийтийн цахим өргөдөлд өчигдрийн 14.00 цагийн байдлаар 27.2 мянган хүн гарын үсэг зуржээ. Хэрэв үүнд 100 мянган иргэн гарын үсэг зурвал парламентаас уг асуудлыг холбогдох байнгын хороонд шилжүүлж, судалж, шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах нөхцөл бүрдэх юм. Уг өргөдлийг цахимд байршуулснаас хойших тав хоногт 27 мянга гаруй хүн дэмжсэн нь харьцангуй өндөр үзүүлэлт бөгөөд хүчинтэй хугацаа дуусахаас өмнө саналын босгоо давж болзошгүй байна. Өргөдөл гаргасан иргэн “Хүмүүс байр сууцаа ихэвчлэн зээлээр авдаг. Харин зээлийн хүү төлбөрөө өөрийн цалин орлогоор буюу татвар, шимтгэл төлсний дараах мөнгөнөөсөө өгдөг. Байр, орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Дэлхийн бусад улсад иргэд эзэмшлийнхээ үл хөдлөх хөрөнгийг зарахдаа татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд “хоёр хувийн татвар”-ын зохицуулалтыг цуцлах шаардлагатай” гэжээ.
Ж.Сувд