Энэ он гарснаар алтны ханш 25 орчим хувиар өсөөд байна. Тодруулбал, дэлхийн зах зээлд алтны үнэ энэ сарын сүүлчээр АНУ, Европ, Азийн арилжааны томоохон компаниудад спот ханш 3370-3387, нэг грамм нь ойролцоогоор 108 ам.долларт хүрээд буй гэнэ. Энэхүү өсөлт нь дэлхийн геополитик, Төв банкууд валютын эрсдэлээс сэргийлэх зорилгоор алт худалдан авах хандлага, хөрөнгө оруулагчид тогтвортой, аюулгүй хөрөнгө оруулалт хайж байгаатай холбоотой аж. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр энэ оны сүүл гэхэд нэг унц алт 3600 ам.доллар хүрч болзошгүй хэмээжээ.
Өнгөрсөн оны эцсийн дүнгээр дэлхийн нийт алт олборлолт 217 мянган тоннд хүрсэн. Үүний 45 хувийг үнэт эдлэл, 22-ыг алтан гулдмай болон зоос, 17-г Төв банкуудын нөөц бүрдүүлэлт эзэлж байгаа юм. Монгол Улсын хувьд алт олборлолт, Монголбанканд худалдсан алтны хэмжээ улирлын нөлөөллөөс хамааран хэлбэлздэг бөгөөд жил бүрийн гуравдугаар улиралд алт тушаах нь нэмэгдэх хандлагатай байдаг аж. Гэсэн ч үүнийг тойрсон худалдаа, олборлолт, байгаль орчны асуудал бий тул энэхүү зах зээл эрсдэлтэй хэвээр буй гэжээ.
Д.Хэрлэн