Топ-20 индексийн сагсанд багтдаг хувьцаат компаниудын ихэнхийнх нь хувьцааны ханш өнгөрсөн сард бууралттай гарчээ. Нийт 20 компанийн долоогийнх нь ханш л өссөн бол үлдсэнийх нь буурсан аж. Тодруулбал, “Инновэйшн инвестмент”, “ЛэндМН”, “Тавантолгой”, “ХААН банк”, “Хас банк”, “Төрийн банк”, “Монголын хөрөнгийн бирж”-ийн хувьцааны ханш 0.9-11.6 хувиар өсжээ. Харин тус индексийн сагсанд багтдаг компаниудын 70 орчим хувийнх нь үнэт цаасны ханш 0.6-6.08 хувиар унасан байна.
Өчигдөр Топ-20 индекс өмнөх өдрийнхөөсөө 0.68 хувиар дээшлэн 48 720 нэгжид, зах зээлийн нийт үнэлгээ 12.3 их наяд төгрөгт хүрчээ. Энэ өдөр “Инновэйшн инвестмент” компанийн үнэт цаас хамгийн олон буюу 648 111 ширхэг арилжаалагдсан бол “Тахько”-гийнх хамгийн өндөр үнийн дүнгээр буюу 511 сая төгрөгөөр борлуулагджээ. Харин “Сэндли ББСБ”, “Инвескор ББСБ”-ын хувьцааны ханш 3.9 -7.2 хувиар өссөн нь тухайн өдрийн дээд үзүүлэлт болж, “Бодь даатгал”, “Улсын их дэлгүүр” ХК-ийнх 9-14 хувиар буурсан нь доод түвшин болов.