Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар ОХУ-ын Владивосток хотноо энэ сарын 3-6-нд болж буй Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Г.Занданшатарт урилга хүлээн авч, Дорнын эдийн засгийн тэмдэглэлт X чуулга уулзалтад оролцож буйд талархал илэрхийлэн, хоёр талын харилцаа нь өнө эртний түүхтэйгээс гадна ОХУ-ын хувьд Монгол Улс нь Ази Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг онцолсон юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэ үеэр Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүнүүдийн ээлжит уулзалт Бээжин хотноо есдүгээр сарын 2-нд амжилттай болж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрснийг онцоллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцлийг улам бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь талуудын худалдааны эргэлт, төрөлжилтийг нэмэгдүүлэхээс гадна хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Уулзалтын үеэр талууд улс төр, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйд санал нэгдэж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэн ялангуяа эрчим хүч, тээвэр, дэд бүтэц зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцсон юм.
