Орхон болон Булган аймгийн нутагт ашигт малтмал хайх эрхийг Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 2022 онд олгож, “Оюут”-ын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг 2023 онд эхлүүлж байв. Үүний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Оюут” зэсийн ордыг өчигдөр нээлээ. Хайгуулын урьдчилсан үр дүнгээр 357 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогоод буй бөгөөд тус тооцооллоор нь авч үзвэл “Оюут” ордыг 30-35 жил ашиглах боломжтой аж. Мөн энэхүү ордыг нээснээр Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгө арвижиж, үйлдвэр дагасан Орхон аймаг төдийгүй манай орны нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болох давуу талтай гэнэ.
Ташрамд дурдахад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ жилд 41 сая тонн хүдэр олборлож, 38 сая тонн хүдэр боловсруулсан нь тус үйлдвэрийн түүхэн дээд амжилт болжээ. Эрдэнэтийн ордын хүдрийн нөөцийг анх 1972 онд 521.7 сая тонн буюу 34 жил ашиглах нөөцтэй гэж тооцож байв. Харин 1989, 2016, 2021, 2025 онд нөөцийг шинэчлэн, өдгөө 3.4 тэрбум тонн нөөцтэй бөгөөд 2079 он хүртэл ашиглах боломжтой гэж тогтоожээ.
У.Цэцэг