УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Данхар бүтцийг цөөлж, төр бүсээ чангалж буйг Ерөнхий сайд байнга сануулж байгаа. Гэвч ирэх онд түүний төсөв 1.5 тэрбумаар нэмэгдсэнийг гишүүн Г.Очирбат шүүмжлэв. Мөн Ерөнхийлөг¬ чийн Тамгын газрын төсөв 2020 онд 6.6 тэрбум төгрөг байсан бол ирэх онд 33.6 болж хэд дахин өссөнийг ч тэр сануулж, “Иргэд татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулаасай гэж хүсэж байхад дарга нар өөрсдийнхөө төсвийг нэмээд байна” гэлээ.
2026 онд улсад 20 тонн алт тушаана хэмээн төлөвлөсөн юм байна. Энэ талаар Ө.Шижир гишүүн “Ковидын үед 20 гаруй тонн алт тушааж байсан. Харин одоо олборлолт болон аж ахуйн нэгж нь нэмэгдсэн атлаа 2024 онд найман тонныг л тушаасан байна. Энэ бол хууль бусаар хилээр гаргаад байна гэсэн үг. Та нарын дээрх төлөвлөгөө биелэхгүй” гэв. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Одоогоор алт тушаалтын гүйцэтгэл 49 хувьтай байгаа” гэж хариулсан ч түүний шүүмжлэлийг үгүйсгэж чадсангүй.
Ирэх оны төсөв 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг цөөнгүй гишүүн шүүмжилсэн. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Урсгал зардлыг 24 хувьд барих ёстой гээд хязгаарласан. Нөгөө талдаа нэм, нэм гээд байхаар хайч болчихож буй юм. Ирэх жил бид нар бүх боломжоо дайчлаад зөвхөн тэтгэврийг зургаан хувиар нэмэхээр тусгасан. Үүнд 378 тэрбум төгрөг зарцуулна” гэв. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал “Урсгал зардлыг нэмэхгүй, 24 хувиас хэтрүүлж болохгүй. Мөн тэнцвэржүүлсэн орлогын ДНБ-тэй тэнцэх харьцааг тогтмол бууруулна, 2028 онд 28 хувь болгоно гэсэн шаардлагыг баримталж буй. Ирэх онд 1.9 их наяд төгрөгийн зээл байгаа. Гадаадын зээлийг орлого талд биш, зарлага гэж бүртгэдэг. 1.3 их наяд гэдэг бол статистик алдагдал” гэсэн тайлбар өглөө.