Германы Франкфурт хотод төвтэй үндэстэн дамнасан Deutsche банк 2026 онд алтны ханш унци тутамдаа 4000 ам.долларт хүрнэ хэмээн таамаглалаа өсгөжээ. Тус банк алтны үнэ цаашид ийнхүү өсөх шалтгааныг төв банкуудын тасралтгүй эрэлт болон ам.долларын ханшийн сулрал, мөн Холбооны нөөцийн банкны хараат бус байдалд үүсээд буй тодорхойгүй нөхцөл байдалтай холбон тайлбарлав.
Deutsche банкны шинжээчдийн үзэж байгаагаар сүүлийн үед ажиглагдаж буй алтны ханшийн “ралли” цаашид үргэлжлэх төлөвтэй бөгөөд макро эдийн засгийн тогтворгүй байдал, АНУ-д өрнөж буй улс төрийн үйл явц, Холбооны нээлттэй зах зээлийн хорооны бүтцэд гарсан өөрчлөлт зэргээс үүдэн ирэх оны ханшийн төлөвийг өнөөгийн 3700 ам.долларын түвшнээс дунджаар найман хувь буюу 300 ам.доллароор өснө гэжээ.
Одоогийн байдлаар улс орнуудын төв банкууд 2011-2021 оны худалдан авалтын түвшнээс хоёр дахин хурдацтайгаар алт худалдан авч байгаа бөгөөд хамгийн том худалдан авагч нь Хятадын төв банк аж. Энэ оны турш алтны үнэ тогтмол өссөөр өдгөө 41 хувийн өсөлт үзүүлж, түүхэндээ анх удаа 3700 ам.долларт хүрээд байна. “Goldman Sachs” мөн энэ сарын эхээр алтны ханшийн таамгаа өсгөсөн бөгөөд тодорхой нөхцөлд алтны үнэ унци тутамд 5000 ам.долларт хүрэхийг ч үгүйсгэхгүй гэсэн байна.
Г.Сансар