Алтны ханш олон улсын зах зээлд унц тутамдаа 3831 ам.долларт хүрч, урьд хожид байгаагүй дээд түвшиндээ хүрлээ. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлээс улбаатай гэнэ. АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн банкны бодлогын хүү буурах магадлал нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийг өсгөж, алт зэрэг аюулгүй хөрөнгө рүү урсах хандлагыг эрчимжүүлжээ. Мөн 2025 оны арванхоёрдугаар сарын гэрээт ханш 1.1 хувиар нэмэгдэж, 3850.80 ам.долларт хүрсэн нь энэ зах зээл ирэх саруудад ч өндөр хэвээр байна гэсэн хүлээлтийг харууллаа гэж шинжээчид үзэв.
Алтны зах зээлийн үнэ 2025 он гарсаар нийт дүнгээрээ 45 хувиар өсөөд байна. Бусад үнэт металл ч зах зээлийн өсөлтөд хүч нэмсэн аж. Мөнгөний ханш 1.7 хувиар нэмэгдэж, унц тутамдаа 46.78 ам.долларт хүрсэн нь сүүлийн 14 жилийн дээд түвшинд тооцогдож байгаа юм. Зах зээлийн энэ чиг хандлага нь ганц Монгол Улс төдийгүй дэлхийн алт олборлогч томоохон компаниуд болох “Newmont”, “Barrick” зэрэг тоглогчид чухал үр нөлөөг бий болгоно хэмээн шинжээчид үзэж байна. Тухайлбал, Монгол Улсын 2026 оны төсөвт алтыг унцыг нь 2900 ам.доллар байхаар төсөөлжээ.
Г.Сансар