АНУ-ын эдийн засгийн төлөв, Засгийн газар нь санхүүжилтгүй болсонтой холбоотой болгоомжлол алтны үнийн шуургалсан өсөлтөд эрч нэмснээр түүхэнд анх удаа алтны спот ханш унц нь 4000 ам.долларын босго давлаа. Хөрөнгө оруулагчид алт руу анхаарал хандуулсан хэвээр байгаа бөгөөд лхагва гарагт унц алтны үнэ 0.4 хүртэл хувиар өсөж 4001.11 ам.долларт хүрсэн юм. Ердөө хоёр жилийн өмнө 2000 ам.доллароос доогуур үнээр арилжаалагдаж байсан шар металлын үнэ зөвхөн энэ он гарсаар 50 гаруй хувиар өсчээ. Ийнхүү 21 дүгээр зуунд хөрөнгө оруулагчдад хүртээсэн алтны үр ашиг бүхий л хувьцааны өгөөжийг ардаа орхисон байна. Геополитикийн зөрчил, дэлхийн худалдааны тодорхойгүй байдлаас үүдэн аюулгүй хөрөнгө оруулалтын эрэлт нэмэгдсэн нь алтны үнийн өсөлтийн суурь хүчин зүйл болж буй. Ирэх өдрүүдэд ч уг металлын үнэ тогтвортой өсөлттэй байх төдийгүй унц нь 4300 ам.долларт хүрнэ гэсэн өөдрөг таамгууд хөвөрч эхэлжээ.
Г.Сансар