Засгийн газраас хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцууллаа. Боловсролын сайд П.Наранбаяр "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар багш нарын цалинг 20 хувиар нэмэх зарчмын шийдвэрийг гаргасан. Ингэснээр боловсролын салбарт ажиллаж байгаа 90 мянга гаруй ажилчдын үндсэн цалин 20 хувиар нэмэгдэнэ. Гэхдээ нөгөө талдаа урсгал зардал, хөтөлбөр арга хэмжээнээс таналт хийх шаардлагатай болж байна.
Мөн ажил хаялт зарлаад байгаа үйлдвэрчний эвлэлийн хүмүүст хандаж хэлэхэд, улсын эдийн засгийн бүрэн бололцооны хүрээнд энэ шийдвэрийг гаргаж байгаа шүү. Өнөөдөр шууд багшийн үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох ямар ч эдийн засгийн боломжгүй. Ингэж нэмэхэд 3.3 их наяд төгрөг дахин шаардлагатай. Энэ ажил бол хэцүү учраас гурван жилийн төлөвлөгөөг гаргаж, цалингийн нэмэгдлээ ярилцаад явах байр суурийг илэрхийлж байна. Өнөөдөр багш нарын ажил хаялтын асуудал дээр арбитр нь томилогдож, хөдөлмөрийн маргаан үргэлжлээд явж байна. Өнөөдөр цахим сургууль байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа" гэж хэллээ.