Монгол Улсын 2026 оны төсвийг УИХ-аар баталсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй сайд нар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Засгийн газрын анх өргөн барьсан төсвийн төсөлд УИХ зарим засвар хийж, макро үзүүлэлтийг сайжруулсан хэмээн Сангийн сайд үзэж буй. Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг байсныг 1.1 болгон бууруулж баталсан аж. Тэнцвэржүүлсэн орлого 31.9, зарлага 24.9, хөрөнгийн зардал 8.6 их наяд байна. Тэрбээр “2026 оны төсөв УИХ-д өргөн барьснаас хойш гарсан саналын дүнд салбаруудад орсон өөрчлөлтийн нийт дүн 1.3 их наяд төгрөг болж байна. Үүнээс 884 тэрбумыг нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулна. Зөрүү 80-аад тэрбум нь бусад урсгал зардалд гарч байгаа өөрчлөлт юм. Хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт 382.1 тэрбум буюу 28 хувь. Эдгээр зардал нэмэгдсэн зүйл байхгүй, одоо байгаа урсгал зардал болон хөрөнгө оруулалтад зохицуулалт хийж, нэгээс нөгөө рүү шилжүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр инфляцад ирэх дарамт нь бага байна. 2026 оны төсвийг УИХ-д өргөн барьснаас хойш Засгийн газрыг болон УИХын даргыг огцруулах, чөлөөлөх асуудал өрнөсөн.
Мөн багш, эмч нар ажил хаясан. Хүнд нөхцөлд төсөв батлах үйл явц боллоо” гэв. Хэдий тийм ч хасвал нэмнэ, нэмбэл хасна гэсэн зарчмаар ажилласан, анхны хязгаараасаа даваагүй, дотроо өөрчлөлт хийсэн гэдгийг тодотгосон юм.