Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийг танилцууллаа. Тодруулбал, тайлант хугацаанд манай улсын нийт өрхийн дундаж орлого 1.9 сая төгрөг байсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 71 700 төгрөгөөр өссөн дүн аж. Үүнд цалин хөлс 79 400, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9400 төгрөгөөр өссөн нь түлхүү нөлөөлжээ. Мөн нэг өрхийн сарын бодит зарлага 1.9 сая төгрөг болж 2024 оны мөн үеийнхээс 93 700 төгрөгөөр мөн өссөн байна. Уг өсөлтөд хүнсний бус бараа, үйлчилгээний зардал хамгийн их буюу 84.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн гэнэ.
Улсын төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 25 их наяд төгрөгт хүрч нэг жилийн хугацаанд 1.7 хувиар буурчээ. Тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 23.3 их наяд төгрөгт хүрч, 2024 оны эхний 10 сарынхаас 587 тэрбум төгрөгөөр багассан байна. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 24.9 их наяд төгрөг байсан нь жилд 11 хувиар өсөж, төсвийн тэнцэл 1.6 их наядын алдагдал хүлээв. Мөн татварын орлого 21.4 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 896 тэрбумаар буурсан бөгөөд үүнд орлогын албан татварын болон татвар хураамжийн орлого 0.4-1.4 их наяд төгрөгөөр багассан нь голлон нөлөөлснийг дээрх тайланд дурджээ.
с.Цэрэн