“Silk Way Star” Азийн олон улсын уралдаанд Монгол Улсаас дуучин Ч.Мишээл оролцож, 12 орны шилдэг дуучидтай өрсөлдөн, Гран при шагнал хүртсэн билээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Тайзан дээр байхдаа Монголчууд минь үзэж байгаа учраас би хичээх ёстой гэж бодсон. Уртын дуу хүний сэтгэлийг татах увидастай учир финалын шатанд дуулах уран бүтээлдээ заавал шингээх ёстой гэж бодсон. Зарим хүмүүс уртын дууг заагаад өгөөч гэж хэлж байсан. Бид цөөхүүлээ ч нэгдэж, нийлж чадвал хүчтэй юм байна гэдгийг мэдэрсэн. Бие биенээ дэмжиж чаддаг халуун дулаан ард түмэн юм байна гэдгийг бусад улс орныхон ч ойлгосон болов уу гэж бодож байна. Монголчууддаа баярлалаа. Мөн намайг Казахстаны ард түмэн маш их дэмжсэн учраас казах хэл дээр шинэ дуу хийсэн. Удахгүй цацагдана. " гэх мэдээллийг өглөө.
Зууны манлай дуучин, поп дива Б.Сарантуяа "Миний хувьд энэ тэмцээний шүүгчээр санамсаргүй сонгогдсон. Магадгүй орос хэлээр чөлөөтэй мэтгэлцдэг, Казахстантай холбоотой уран бүтээлийн түүхтэй маань холбоотой байх. Би 1993 онд “Азийн дуу хоолой” тэмцээнд оролцож, гран при шагнал хүртэж байсан. Түүнээс хойш 32 жилийн дараа манай улсаас Ч.Мишээл энэ амжилтыг давтсанд маш их баяртай байна. Алматы хотод очиход “Түүх давтагдаж байна” гэж өөрийн эрхгүй бодогдсон. Монгол, казах ард түмэн соёл иргэншил, уул усны бэлгэдлээрээ холбогддог учраас Мишээлийг казах ард түмэн чин сэтгэлээсээ дэмжсэн" гэх мэдээллийг өглөө.