Ерөнхий сайд Н.Учрал бямба гарагт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхон сумд ажиллаж, тариаланчидтай уулзсан байна. Сэлэнгэ аймаг хаврын тариалалтаар үр тариа 134.4 мянган га талбайд тарьснаас улаанбуудай 128.9, бусад үр тариа 5.4, төмс 2.4, хүнсний ногоо 7.9 мянган га-д тус тус тариалжээ. Энэ сарын 22-ны байдлаар тариалалт 35 орчим хувьтай байна. Засгийн газар хаврын тариалалтад зориулж долоон сая литр түлшийг 3400 төгрөгөөр нийлүүлсэн. Хөнгөлөлттэй зээлийн хэмжээг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 200 тэрбумд төгрөгт хүргэсэн аж. Тус аймагт 208 аж ахуйн нэгж болон иргэн 45.2 тэрбум төгрөгийн зээл авсан юм байна. Гэвч энэ зээлийн хүртээмж дээрх сумдад муу, мэдээлэл нь хаалттай байгааг тариаланчид шүүмжилжээ.
Баруунбүрэн сум дахь “Ивэн түрүү” ХХК 2000 гаруй га эргэлтийн талбай, 11 ажилтантай. Жилд 900- 1000 га-д тариалалт хийж, нэгж талбайгаас 20-25 цн ургац хураан авдаг, шинэ, дэвшилт техник технологи нэвтрүүлсэн, Улсын аварга тариаланч хамт олон ажээ. Энэ жил 1300 га-д улаан буудай тариалж буйг захирал Д.Бат танилцуулсан байна. Орхон сум дахь “ШийрийнУндарга” ХХК-ний тухайд 2022 онд үйл ажиллагаагаа эхэлсэн, эргэлтийн 450 га талбайтай. Энэ жил төмс, лууван, сонгино, улаанбуудай тариалжээ. 80 га-д бүрэн автомат услалтын систем, 25 га-д дуслын усалгааны систем суурилуулахаар төлөвлөсөн аж. Тус компани “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 1200 тн төмс, хүнсний ногооны автомат зоорь ашиглалтад оруулсан, 2022-2026 онд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт бүрэн хийжээ. Ерөнхий сайд Н.Учрал зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг ойрын хугацаанд нэмэгдүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад анхааруулсан байна.