Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах “Залуу судлаач” уралдааныг зохион байгуулжээ. Уг уралдаанд 20-45 судлаач оролцдог байсан бол энэ удаад 200 гаруй судлаач судалгааны 79 бүтээл ирүүлж, эцсийн шатанд долоог нь үлдээн, шалгаруулсан аж. “Зэсийн үнийн шокийн Монгол Улсын инфляцад үзүүлэх хугацааны өөрчлөлттэй нөлөө: Валютын ханш ба мөнгөний бодлогын дамжих сувгийг TVP-VAR-SV загвараар шинжлэх нь” сэдэвт бүтээлээрээ СЭЗИСийн оюутан М.Давааням, Б.Эрдэнэ-Очир, Б.Насанбуян нар шалгарч цом, мөнгөн шагналаар шагнуулжээ. Хоёрдугаар байрт “Мэдээллийн шок ба төгрөгийн ханшийн богино хугацааны динамик: GDELT өгөгдөлд суурилсан эмпирик шинжилгээ” ажлаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан Ц.Номиндарь, Г.Намуунцэцэг, гуравдугаар байрт “Динамик багц удирдлагын асуудлыг агент сургалт буюу хиймэл оюун ашиглан шийдэх нь: Дифференциал гүйцэтгэлийн хэмжүүр ашиглах нь” бүтээлээрээ мөн СЭЗИСийн оюутан Ш.Түшиг, Б.Төгсбилэг, А.Энхдэлгэр нар тодорсон аж.
Төвбанкны дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс зохион байгуулдаг дээрх уралдаан нь банк санхүү, эдийн засгийн чиглэлийн оюутнуудын дундах томоохон өрсөлдөөн бөгөөд цөөн хүний хоорондын тэмцээн бус, эдийн засаг, статистик, санхүүгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй бүх оюутан, залуусыг дэмжих зорилготой.
С.Дулам