УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн талаар Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын зарим гишүүний хамт өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр уг хуулийг “Засгийн газраас дэвшүүлж буй эрх чөлөөний дөрвөн зам, чөлөөлөх бодлогын суурь” хэмээн тодорхойлсон. Үүнийг дагалдуулан 99 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах аж.
Ерөнхий сайд энэ талаар “Хуулиар хориглоогүй аль ч салбарт ямар ч төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх боломжийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгож байна. Цаашид төр дур зоргоор бизнесийн үйл ажиллагааг хязаарлахгүй. Олон улсад мөрддөг “No surprise” зарчмын дагуу ажиллаж, бизнесийн үйл ажиллагаанд саад болсон хориг зохицуулалт хийхгүй. Уг хуулийг баталснаар Монгол Улсад гадаадын банк байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэх юм. Банкны тухай хуулийг Хөрөнгө оруулалтын хуультай уялдуулж зохицуулсан. Банк, санхүүгийн байгууллага хямд эх үүсвэр татахыг дэмжиж, суутган татварыг таван хувь болгон бууруулж байна. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжид очих зээлийн хүү буурна. Төрийн оролцоог аль болох бууруулж, хувийн хэвшилдээ зах зээл, орон зай нээж өгнө. Тиймээс мэргэжлийн холбоодод 120 гаруй зөвшөөрөл өгөх эрхийг шилжүүлж буй. “И бизнес” флатформыг нээснээр гадаадын иргэд заавал манай улсад оршин суухгүйгээр, цахимаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Аж ахуйн нэгж байгуулах бүртгэлээ цахимаар хийсэн бол татвараас чөлөөлөх юм. Мөн зөвшөөрөл авахад олон шат дамжлагатай атлаа дараа нь хяналт сул тогтолцоог цэгцэлнэ. Тусгай зөвшөөрлийг тав, энгийнийг гурван жилээр олгодог байсныг 10, тав болгон сунгаж байна. Үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсээд 22 хоногийн дотор хариу өгөөгүй бол ажлаа шууд эхлүүлэх боломжтой болж буй” гэлээ. Шадар сайд Т.Доржханд “Хөрөнгө оруулагчид улсаас татварын тогтвортой бодлого, орчин хүсдэг. Уг хуулиар үүнийг бүрдүүлж байгаа. 50 тэрбумаас дээш хөрөнгө оруулбал 20 жилээр татварыг тогтворжуулна. Манайд үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулагчдын санал, гомдлыг шүүхийн түвшнээс наагуур шуурхай шийдвэрлэх, шаардлагатай бол олон улсын арбитрын шүүхэд хандахад зуучлах зохицуулалт оруулсан. Ногоон эдийн засгийг Засгийн газар тууштай дэмжинэ. Тиймээс ногоон эрчим хүчний тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, нарны үүсгүүр, салхин сэнс, зай хураагуур зэргийг гаалийн татвараас 100 хувь чөлөөлж, дэмжинэ” хэмээв.
С.Уул