“Отгонтэнгэр” их сургуулийн судлаач Б.Ербахыт, Х.Нямсүрэн нар “Монголын эдийн засагт Европын жуулч дын үзүүлэх нөлөө” сэдэвт судалгаа хийсний үр дүнд европ жуулчид манай улсын аялал жуулчлалд хамгийн өндөр өгөөжтэй, нөлөө бүхий зах зээл болохыг тогтоожээ. Судлаачид 1999-2025 оны аялал жуулчлалын зах зээлийн өөрчлөлтийг харьцуулан судлахад европчууд нийт жуулчдын есөн хувийг эзэлж буй ч нэг аялагчийн Монголд өнгөрүүлэх хугацаа харьцангуй урт, санхүүгийн зарцуулалт өндөр, хөтөлбөртэй үйлчилгээ авах нь илүү байжээ. Ялангуяа Баруун болон Хойд Европын жуулчид манай улсад хамгийн их орлого оруулдгийг тогтоосон байна. Тухайлбал, европ жуулчид манай оронд аялахдаа дунджаар 1700-2750 ам.доллар зарцуулдаг аж.
Монголд жилд 1000-аас дээш тооны жуулчин “илгээдэг” Европын улсын тоо 1999 онд тав байсан бол 2025 онд 26 болж өсжээ. Энэ нь нүүдэлчдийн өлгий нутаг европ жуулч дын хувьд аяллын гол маршрут хэвээр буйг нотолж байна гэж судлаачид онцоллоо. Түүнчлэн 1999 онд манай улс 113 орноос 154 мянган жуулчин хүлээж авсан бол 2019 онд 168 улсаас 576, 2025 онд 173 улсаас 854 мянган аялагч ирсэн нь Монголын зах зээл цар хүрээгээ эрчимтэй тэлж байгаагийн илрэл гэв. Цар тахлаас өмнөх хугацааны оргил үед манай улс Европын зах зээлээс 140 сая ам.долларын орлого төвлөрүүлж байсан бол өдгөө энэ нь 80 сая ам.долларт хүртлээ унажээ. Хэдийгээр Европоос Монголыг чиглэсэн жуулчдын урсгал эрс буурсан, “Ковид-19”-ийн өмнөх түвшинд хүртлээ сэргээгүй ч тус зах зээлийг аялал жуулчлалын тэргүүлэх чиглэл болгож тусгай стратеги боловсруулах, шууд болон дамжин нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх шаардлагатай тулгарч буйг дээрх судлаачид дурдлаа.
Н.Мишээл