Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшин өвдөг шороодсон ч 2024 онд даагаа нэхсэнээр гишүүн болсон Банзрагчийн Түвшин нь нягтлан бодогч, санхүүч, эрх зүйч мэргэжилтэй. Завхан аймгийн Баянхайрхан сумд төрж өссөн тэрбээр МУИС-ийн Эдийн засгийн болон Хууль зүйн сургууль, Италийн Олон улсын бизнесийн их сургуулийг дээрх мэргэжлээр тус тус дүүргэжээ. 2016 оноос хойш УИХын гишүүн болтлоо Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга байв. Түүнээс өмнө “Эрэл”, АПУ, “Миг даатгал”, Худалдаа хөгжлийн банканд мэргэжлээрээ ажилласан юм билээ.
Улс төрч болоод улсын төсөв, эдийн засгийн тогтолцоог сайжруулах талаар дуугарч эхэлсэн түүний бусад гишүүний хамт боловсруулж өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг өнгөрсөн долоодугаар сард УИХ баталсан байдаг. Хуулийн төслийн гол зорилго нь иргэдийн бизнес эрхлэх эрх чөлөөг хангах, хөдөлмөрийнхөөс бусад төрлийн иргэний эрх зүйн гэрээгээр ажил, үйлчилгээ гүйцэтгэхэд үүсдэг давхардлыг арилгах явдал байсан юм. Үүнээс гадна 10 гаруй хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гар бие оролцжээ.
2008 онд АН-аас Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшин сонгогдож, дөрвөн жил ажиллаад 2012-2020 он хүртэл нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байсан Б.Түвшинг УИХ-ын гишүүн гэдгээр нь бус, “Хаан заяатай орчлон”, “Очирваанийн хүлгүүд” хэмээх дуугаар нь хүмүүс мэддэг гэх. Монгол Улсын Ардын жүжигчин С.Батсүх, дуучин, ятгачин Ө.Бохьшарга нарын дуулснаар олонд хүрсэн уг хоёр дууны үгийг зохиосон аж. Мөн түүнийг хууль санаачлагч, бодлого боловсруулагчаас илүү үнэт цаас, цахим мөнгөний талбарт чамгүй тоглогч гэдгийг нь тойрон хүрээлэгчид нь анддахгүй.
2024, 2025 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тэрбээр “Крипто мөнгө” ХХК-ийн 100 хувь, “Монголын үнэт цаасны бирж” компанийн 10 000 000, “Монголын хөрөнгийн бирж”- ийн 1 000 000 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ. Түүнчлэн “Хас хаан” ББСБ-ын 41.1, “Миг даатгал”-ын 30.5 хувийг эзэмшдэг, ХААН банкны 260 689, Худалдаа хөгжлийн банкны 1060, “Би ди сек” үнэт цаасны компанийн 5145 ширхэг, “М банк”, “Голомт”-д ч хувьцаатай гэсэн байна. Виртуал хөрөнгийн зах зээлд мөн “Чойжин алтекс” ХХК-ийн 800 000, цаашлаад 4-5 компанийн хувьцаатай, уул уурхай, ашигт малтмал, хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдааны салбарт ч багагүй үнэт цаастайг хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь жирийтэл жагсаажээ. Нийт 22.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэнэ.
Баруун бүсийн томсгосон тойргоос УИХ-д нэр дэвшин, 50.07 хувийн санал авч сонгогдсон тэрбээр 2016 оноос хойш “Завхан судлал төв” хэмээх залуу эрдэмтдийн клубийнхэнтэй аймгийнхаа угсаа гарал, нутаг ус, түүхийн талаарх 30-аад боть ном гаргаж, сонгуулийн үеэр түүнийгээ пиартаа ашигласан гэдэг.
О.Оргилох