Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade gas” компани Тавантолгойн орд дахь “Улаан нуур” нүүрсний давхаргын метан хийн төслийн нэгдүгээр шатыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Түүнчлэн тус компани өрөмдлөг болон шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) үйлдвэр барихад зориулж 1.1 тэрбум австрали доллар буюу 762 сая ам.долларын санхүүжилт авахаар болсон байна.
Уг санхүүжилтийг Хятадын “PT Beijing energy linking” (PT¬BEL), “PetroChina” болон “Hunan geology and mining technol¬ogy” компанитай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэсэн гэнэ. Тодруулбал, PTBEL компани нэгдүгээр шатны өрөмдлөгт шаардлагатай зардлыг бүрэн санхүүжүүлж, 10 хүртэлх өрөмдлөгийн төхөөрөмж нийлүүлэхээр тохиролцсон байна. Эхний төхөөрөмжүүдийг ирэх оны хоёр, гуравдугаар сард талбайд байрлуулахаар төлөвлөжээ.
Төслийн эхний шатанд 175 цооног өрөмдөхөөс гадна бааз, авто зам, холбоо дохиоллын дэд бүтэц болон 150 сая ам.долларын өртөг бүхий LNG үйлдвэр барихаар төлөвлөсөн байна. Тус үйлдвэр нь эхний ээлжид 40 орчим цооногоос олборлох хийг эдийн засгийн эргэлтэд оруулах бөгөөд олборлолт нэмэгдэхийн хэрээр хүчин чадлыг нь үе шаттайгаар өргөжүүлэх юм. Ингэснээр дотоодын дизель түлшний хэрэглээг орлож, бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Үүнээс гадна “Jade gas” компани талбайн үйл ажиллагааг дэмжих болон Хонконгийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх бэлтгэл ажлыг санхүүжүүлэх зорилгоор 11 сая австрали долларын нэмэлт хөрөнгө босгожээ.