Японы мэргэжлийн хөлбөмбөгчин Казүёоши Миура 59 настай ч зодог тайлсангүй тоглосоор, тэр бүү хэл гоол оруулсаар байна. Гэхдээ дөрвөн жилд нэг удаа гэж тодотгоё.
Японы гуравдугаар дивизионы “Фукушима Юнайтед” багт нэгдүгээр сараас хойш зээлээр тоглож буй К.Миура өнгөрсөн бямба гарагт болсон Эзэн хааны цомын тоглолтод “Ивааки Фурукава”-гийн эсрэг нэг гоол оруулсан байна. Баг нь өрсөлдөгчөө 7:0-ээр хожсон аж.
Казүёоши 2005 оноос хойш “Йокохама Маринос” багт харьяалагдаж байгаа боловч зээлээр олон багт шилжин тогложээ. Сүүлийн жилүүдэд гэхэд “Сузуга” (2022-2023), “Оливейренсе” (2023-2024), “Атлетико Сузука” (2024-2026), “Фукушима Юнайтед” (2026 оноосодоог хүртэл) гэсэн дөрвөн ч багт тоглоод буй.
Тэрбээр карьерынхаа эхний жилүүдэд хилийн дээс алхаж, Португалийн хоёрдугаар лигийн “Оливейренсе”-д нэг жил тоглосон. Уг багт нийт есөн тоглолтод оролцохдоо талбайд 69 минутыг өнгөрүүлжээ. Хамгийн сүүлд “Лейшоэш”-тэй хийсэн тоглолтод 30 гаруй минут тоглосныхоо дараа “Бүтэн тоглолтын турш талбайд тоглохыг хүсэж байна” хэмээн ярьж байв.
Харин “Фукушима” багийнхан ахмад тоглогчид маш таатай хандаж, үндсэн багаас нь худалдан авч гэрээ байгуулахыг хүсэж байгаа аж. Гэхдээ Казүёоши өөрөө урт хугацаат гэрээ байгуулах хүсэлгүй байгаа аж. Ямартай ч ойрын хагас жил зээлээр тоглоод, дараа нь хэрхэхээ шийдэх тухай багийнхандаа дуулгажээ.
Казүёошигийн хувьд энэ бол мэргэжлийн тамирчны 42 дахь улирал нь юм. Түүнийг 44 жилийн өмнө тамирчны карьераа эхлүүлж, эхний хоёр жилдээ Бразилийн “Жувентус”-ын залуучуудын багт тоглож байсан гэхэд итгэмээргүй. Улмаар үндсэн багийн бүрэлдэхүүнд багтсан бол дараа нь “Сантос”-той гэрээ байгуулж байв. Түүнчлэн Ромариог карьераа эхэлж байхад нь түүний эсрэг тоглож байсан тохиолдол ч бий.
Тэрбээр энэ улирал эхлэхийн өмнөхөн “Өдөр бүр бэлтгэлд бүхнээ зориулдаг. Чадах бүхнээ хийдэг. Одоо бодоход би хэзээ ч зодог тайлахгүй байх” хэмээн инээмсэглэн өгүүлжээ. Харин нэг жилийн өмнө ФИФА-д өгсөн ярилцлагадаа “Хөл бөмбөг бол миний амьдрал. Надад хөл бөмбөг бүхнийг өгсөн. Хачин сонсогдож магадгүй ч би өөрийгөө хөл бөмбөгөөс хол төсөөлж чадахгүй байна. Миний хувьд тоглолт бүр жаргал. Арав, арван хоёр настай хүүхэд байхаас хойш миний энэ байр суурь өөрчлөгдсөнгүй. Хөл бөмбөг надад хүч өгдөг, үргэлжлүүлэн тоглох боломжийг олгодог” гэж ярьсан байдаг.