Олон улсын таеквондогоор хичээллэж, амжилт гаргасан орон нутгийн шилдэг тамирчдын нэг нь Гавьяат дасгалжуулагч С.Будхүү. Эл спорттой олон жил үнэнч нөхөрлөсөн түүнд тив, дэлхийн тэмцээнээс эх орондоо аваргын цом, медальтай ирсэн бахархам түүх бий. Тухайлбал, Казахстаны Астана хотод 2023 болсон ДАШТ-д оролцож, багийн техник дасгал, тулаан, хатуу биет хугалах төрөлд тус бүр хүрэл, мөн III даны түль, ганцаарчилсан тулааны төрөлд тус бүр мөнгөн медаль хүртэж, түүнээс хоёр жилийн дараа Италийн Жесоло хотод болсон тэмцээнд насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд IV даны туль болон хувийн тулааны төрөлд дэлхийн аварга болж, багийнхад дэд байрт шалгарсан юм. Тэгвэл энэ сарын эхээр Улаанбаатарт зохион байгуулсан Олон улсын таеквондогийн 11 дэх удаагийн Азийн АШТ-д түүний удирдлагад оролцсон шавь нар нь өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд есөн алт, тус бүр 11 мөнгө, хүрэл нийт 31 медаль гардаж, тулааны спортын ур чадвар, өндөр мэдрэмж, тэсвэр хатуужлын гайхамшгийг харуулсан билээ. “Буянт-Ухаа” спортын ордонд таван өдөр үргэлжилсэн тивийн тэмцээнд тэрбээр тамирчдаа дасгалжуулахын зэрэгцээ өөрөө мастер ангиллынхны 62 кг-д өрсөлдөн IV дангийн түль болон тулаан, багийн хатуу биет хугалах төрөлд тус бүр тэргүүлэн Азийн аваргаар тодорсон юм. Завхан аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажилладаг тэрбээр ахмад цолтой. Аймагтаа “Цэцэн шонхор” клуб байгуулж, дөрвөн сумд салбараа нээн, таеквондогоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуусыг мэргэжлийн тамирчнаар бэлтгэж олон улсын тэмцээнд оролцуулсаар байна.
ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ ЗӨРЧИЛДӨЖ БАЙЖ, ТАЕКВОНДОГООР ХИЧЭЭЛЛЭВ
Тулааны спортод амжилт гаргах амаргүй. Хичээллэсэн эмэгтэйчүүдийн олонх нь гэрийнхэнтэйгээ багагүй зөрчилдөж байж сонгодог. Тэр ч гэсэн ийм л замыг туулж, ард нь гарсан. Тэрбээр 2005 онд МУБИС-ийн түүх, нийгмийн ангийн оюутан байхдаа таеквондогоор хичээллэдэг болсноо ойр дотныхоо хүмүүст хэлэхэд дуртай хүлээж аваагүй тул гэрийнхнээсээ хоёр жил нуув. Гурав дахь жилээс нь аав, ээж нь мэдэж “Чамайг яаж ч хориод дийлэхгүй юм байна. Гэхдээ эхлүүлсэн зүйлийнхээ үр дүнг заавал үзээрэй” гэснээр тууштай хичээллэсэн аж. Өглөө нь сургууль, өдөр нь бэлтгэлийн заал, орой гэр гэсэн жимээр завгүй гүйхэд оюутны он жилүүд харвасан сум шиг өнгөрчээ. Хүүхэд байхын аливаа зүйлийг цаг хугацаанд нь амжуулахаар хичээдэг зан нь амжилтад хөтөлсөн гэдэг. Улаанбаатар хотын АШТ-д анх удаа оролцон дотоодын шилдгүүдтэй тулалдаж, медальгүй хоцорчихоод “Дахиж ялагдахгүй” гэж өөртөө амлалт өгснөөр дараа жилээс нь шагналын тавцанд зогсдог болжээ. Тэрбээр эхэндээ ялагдчихаад мандатныхаа ард жингийнхээ хүчтэй өрсөлдөгчдийн нэрийг бичдэг байж. Хоёр удаа бичээд дахиж хэзээ ч ялагдаагүй аж. IV курсийн оюутан байхдаа 2007 онд олон улсын тэмцээнд оролцохоор ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотыг зорьж, алтан медальтай ирэхэд багш нь баярлаж, урам хайрлаж байсныг хэзээ ч мартдаггүй юм билээ. Улаан-Үдэд хөл тавиад олон улсын тэмцээний уур амьсгал, үзэгчдийн хүлээж авч буй хандлага, боловсролын ялгааг анх олж харжээ. 2014 онд болсон Азийн АШТ-д мөнгө, хүрэл медаль хүртэн, Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) цолны болзол ханган, хавар нь төрсөн өдрийнхөө баяраар цол, тэмдгээ гардаж авчээ.
Амжилтынхаа гарааг алтан медалиар эхлүүлж, тамирчны замналд хөл тавихад гэрийнхэн нь дэмжиж эхлэв. МУБИС-ийг төгсөөд магистрт сурах хугацаанд мэргэжлээрээ нэг хэсэг ажиллахдаа бэлтгэл хийдэг клубийнхээ туслах багш болсон юм. Тэр үеэс таеквондог нутагтаа хөгжүүлэх бодол төрж, 2010 онд “Цэцэн шонхор” клуб байгуулан тамирчид бэлтгэжээ. Жигүүртэн шувуудаас хамгийн хурдан нисдэг нь шонхор. Монголын нууц товчоонд шонхор шувууг “Нар, сарыг атгаж ирээд миний зүүн гар дээр суув” хэмээн өгүүлсэн байдаг. Цэцэн хэмээх үгийг төвөдөөр хөрвүүлбэл “Ухаантай мэргэн” гэсэн үг аж. Тиймээс тэрбээр клубээ ийн нэрлэжээ. Аймагтаа таеквондог хөгжүүлэхээр очиход хүмүүс эхэндээ ойлгохгүй “Охин минь зодолдож, хүн амьтны гар, хөлийг бэртээн, тархи, толгойг нь хагалаад яах вэ” гээд дурамжхан байж. Харин хүүхдүүд “Аав, ээжийг юу ч гэж хэлсэн хамаагүй заавал хичээллэнэ” гээд ирдэг болов. Клубээ өргөжүүлэн Алдархаан, Цагаанхайрхан, Отгон, Тосонцэнгэл сумд салбараа нээж, тамирчид бэлтгэснээр үүрэг хариуцлага нь улам нэмэгдэв. Тэрбээр аймгийнхаа Цагаанхайрхан сумд зургаадугаар анги хүртлээ сурч, тэндээсээ Улиастай сум руу шилжин өнөөг хүртэл амьдран, ажиллаж буй. Тиймээс тус сумаас “Чиний шавь болгоё” гээд хүүхдээ хөтлөөд ирдэг эцэг, эх олон. Зориод ирсэн шавь нарынхаа харцнаас хүсэл мөрөөдлийг нь олж хараад шантрах эрхгүйгээ тэр үед ойлгож, ямар ч саадтай тулгарсан клубээ тууштай ажиллуулахаар зүтгэжээ. Зарим үед заал олдохгүй тул хавар, зун, намрын улиралд тамирчдаа голын эрэг дээр бэлтгэл хийлгэнэ.
Тэр үеийг бодвол одоо тулааны спортыг ойлгон, хүлээж авах олны хандлага өөрчлөгджээ. Өдгөө тус клубээс төрсөн тив, дэлхийн аварга болсон тамирчин цөөнгүй. Түүний зорилго хүүхдээ спортоор хичээллэхийг аав, ээж нь дэмждэг болгоход чиглэж ажилладаг байна.
БАГШ БҮСГҮЙ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН БОЛСОН НЬ
Түүнтэй ярилцах зуураа “Түүх, нийгмийн багш мэргэжилтэй бүсгүй цагдаагийн байгууллагын ажилтан болсон нь өөрийн эрхгүй сонирхол татаад байх юм” гэхэд “Цагдаагийн газарт туслах ажилтнаар нэг хэсэг ажиллаж байгаад эрх зүйч мэргэжлээр суралцсан. Тэр үед энэ ажлыг хийх амар биш, үүнийг би хийхгүй юм бол хэн хийх юм гэх бодол төрсөн юм. Албан үүргээ гүйцэтгэхэд тулааны спортоос сурсан бүхэн минь алхам тутамд хэрэг болдог. Спортоор хичээллэснээр түргэн зан минь засарч, хүлээцтэй, тайван болсон. Дорно дахины бие хамгаалах урлагийн үндсэн зарчим бол бусдыг хүндлэх. Тиймээс даруу занг эрхэмлэдэг. Багш бидэнд “Ямар ч хүнийг хүн гэж хүндлэн харилцаж бай” гэж сургасан. Тамирчин хүн төлөвшиж, хичээллэдэг спортынхоо давуу талыг ойлгож, мэддэг болсон үедээ бусдын харилцаа, санаа бодлыг зөв хүлээж авдаг. Би үндсэрхэг үзэлтэй хүн шиг байгаа юм. Тэмцээний үед гадаадын тамирчидтай ойлголцох чадвартай хэрнээ монгол хэлээр ярьдаг. Олон улсын үзэгчид Монголыг надаар төлөөлж харах тул эх орныхоо хэл, соёл, үндэснийхээ онцлог байдлыг харуулахыг хичээдэг. Олон улсын таеквондо БНАСАУ-ын үндэснийх нь спорт. Тиймээс дэлхийд танигдсан шилдэг тамирчидтай” хэмээв. Бидний яриа цааш үргэлжлэхэд “Хилийн дээс алхаад л хамгийн түрүүнд олж хардаг зүйл тань юу вэ” гэхэд “Гадаадын тэмцээнд оролцохоосоо өмнө тухайн улсын уур амьсгал, цагийн зөрүүг сайтар судалж, бэлтгэлээ хийдэг. Очсон улс бүрээс иргэдийнх нь ажиллаж, амьдарч буй орчин нөхцөл, улсынх нь хөгжлийг сонирхож харна. Болгарт 2013 онд болсон ДАШТ-д хоёр дахь удаагаа оролцохдоо багийн төрөлд мөнгөн медаль гардаж, 2015 онд Пловдив хотод зохион байгуулахад хатуу биет хугалах төрөлд багаараа түрүүлж, дэлхийн аварга болж байлаа. Монголын тамирчдад тус улс сайхан дурсамж үлдээсэн. Иргэдийнх нь амьдралын хэв маяг хойд хөршийнхөнтэй тун төстэй. Цаг агаар нь дулаан, уур амьсгал нь чийглэг. Тэндхийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээс жимс нь амттай. Непал манай улстай харьцуулахад хөгжлөөр буурай. Тэнд 2014 онд болсон олон улсын тэмцээнд оролцоход ус нь бүх зүйлээс өндөр үнэтэй байсан нь миний анхаарлыг их татсан юм. Тэр үед ард түмэн нь усаа хайрлаж, гамтай хэрэглэдэг болохыг ойлгосон доо. Дараа нь БНХАУ-д зохион байгуулсан тэмцээнд очиход бүртийх ч хоггүй ор чин угтсан нь сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа. Монголчууд ямар ч оронд очсон орчин нөхцөлд нь амархан дасан зохицдог. Казахстан улс ДАШТ-ийг 2023 онд цаг агаарын хамгийн тааламжтай үед зохион байгуулсан. Иргэдийн олонх нь хотоос алсхан газарт аж ахуй эрхэлдэг болов уу гэмээр харагдаж байв. Астана хотод спортын цогцолбор олноор байгуулсныг хараад манайхан ч гэсэн тэдэн шиг хөгжөөсэй гэж бодсоноо нуух юун. Байрласан буудал руугаа явах 500 гаруй метрийн зайд барьсан гурван том спортын цогцолборын ойролцоо Назарбаевийн их сургууль байгааг хараад суралцмаар санагдсан шүү. Монголчууд хэнэггүй зантай. Бусдын сайн талаас суралцдаггүй нь хаана ч явсан анзаарагддаг. Өөрсдөө хийж, бүтээхгүй хэрнээ шүүмжлэх дуртай. Гадаадад өндөр торгуулахаас эмээж, иргэдийнх нь адил хууль, дүрмийг нь баримталж амьдардаг хэрнээ эх орондоо ирээд өмнөх шигээ хэнэггүй зангаа гаргадаг” гэв.
БЭРТЭЛТЭЙ БАЙСАН Ч ТУЛАЛДАЖ ДЭЛХИЙН АВАРГААР ТОДОРЧЭЭ
Түүнээс “Азийнхнаас Монгол, БНСУ-ын тамирчид туль, хатуу биет хугалах төрөлд аваргын төлөө шалгардаг гэж сонссон. Тивийнхнээс тийм хүчтэй юм уу” хэмээхэд “Европын тамирчид биерхүү, өндөр болохоор оноо сайн авдаг. Азийнхан бяр, ойрын зайн хурданд тулгуурлана. Бид өндөр тамирчидтай таарна гэж тооцоолон бэлтгэл хийж, дасгалжуулагчтайгаа зөвлөлдөөд тактик боловсруулдаг юм. Тэмцээнд сэтгэл зүйчтэй оролцохын давуу талыг мэдэрсэн. Монгол Улс спортын сэтгэлзүйчидтэй болсон нь сайн хэрэг. Монголын эмэгтэй тамирчид багийн туль, хатуу биет, тулаан гэсэн гурван төрөлд өрсөлддөг. Багийн төрөлд оролцсон тамирчдаас би цагдаа, Ч.Дэлгэрцэцэг ОБЕГ, Я.Энхзул хил хамгаалах байгууллагад ажилладаг. Бид тив, дэлхийн тэмцээнээс багийн болон ганцаарчилсан төрөлд медаль хүртдэг. Монголчууд таеквондогоор олон жил хичээллэсэн ч солонгос тамирчдын техникт хараахан хүрдэггүй. Цэргийн генерал цолтой Чой Хон Хи хэмээх хүн олон улсын таевондог эх орондоо хөгжүүлж, дэлхийн спорт болгосон. Бид ч гэсэн үндэснийхээ спортыг хөгжүүлж, дэлхийн үзэгчдийн сэтгэлийг татдаг болох сон. Европынхон монголчуудыг хятадын тамирчдаас ялгадаггүй. Тэмцээний үед бид тэднээс ялгарах онцлог, бахархах зүйлтэй ард түмэн гэдгээ үндэснийхээ соёл, хувцас, авьяасаараа харуулахыг зорьдог юм. Монголын үндэсний хувцас загвар хийц, өнгө үзэмжээрээ гадаадынхны сонирхлыг их татдаг. Манайхан Казахстан, Болгар, Японы тамирчидтай тэмцээнд оролцсоор байгаад найз нөхөд болсон. Тиймээс тэмцээнд оролцохоор очих бүрдээ мэндэлдэг. 2011 онд 45 кг-ын жинд манай тамирчинд ялагдсан Японы тулаанчийг туль төрөлд өрсөлдөхийг нь хараад “Энэ хүн насаараа тулийн (техник дасгал) төрөлд оролцож байна даа” гээд бодож зогссон. Тэрбээр БНАСАУ-д болсон ДАШТ-д хүрэл медалийн болзол хангачихаад өөртөө шинэ өмсгөл худалдаж авч билээ. Тэр үед түүний баярласан харц сэтгэлд тод үлджээ” гэсэн юм. Түүний хувьд саад бэрхшээл тулгардаг ч шантардаггүй. 2015 онд хээрийн бэлтгэлээс бууж ирээд ядарчихсан байхдаа ДАШТ-д оролцохын өмнө спортоос холдох уу, үргэлжлүүлэх үү гэж хэд хоног боджээ. 2023 онд хавиргаа гэмтээсэн ч ДАШТ-д оролцохоор шийдэж, бэлтгэлээ таслалгүй хийсээр Казахстаныг зорьжээ. Тэрбээр дэлхийн тулааны дэвжээнээс таван медаль хүртэж, нутгийнхныгаа, шавь нараа, гэр бүлээ, хамт олноо баярлуулсан юм. Түүнийг Улиастай сумд ирэхэд нь, аймгийн удирдлагууд болон Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, шавь нар, гэр бү лийнхэн нь хүндэтгэлтэй угтаж авчээ.
Спорт хүнийг багаар ажиллах чадвартай, үүрэг хариуцлага өндөртэй байхад сургадаг. Тэрбээр хэсгийн байцаагчийн ажлыг 11 дэх жилдээ хийж буй. Ямар ч завгүй байсан ажлаа няхуур, нямбай, хянуур хийдэг шилдгүүдийн нэг. Түүнд заримдаа хоногийн 24 цаг хүрэлцэхгүй санагддаг тул ажлаа өдөр, хоног, сараар нь төлөвлөж амжуулна. Айлын бага охин тул ээж, ах, эгч нар нь ойлгож, дэмждэгийн хүчинд тэмцээнд амжилттай оролцож, ажлаа ч сэтгэл тайван хийдэг байна. Найзуудтайгаа ярьж хөөрөх цаг, зав ховор тул хааяа нэг уулздаг аж. Ажлын ачааллаас шалтгаалж, тамирчдынхаа бэлтгэлийг орой хийлгэх тохиолдол гардаг тул өглөө эрт (зургаан цагт) сургуулилалт хийлгэж хэвшжээ. Дасгалжуулагчаар олон жил ажилласны хувьд шавь нарынхаа харц, хөдөлгөөнийг хараад сэтгэл зүйн байдал нь ямар байгааг, нойр, хоол, амралтаа хэрхэн зохицуулсныг андахгүй мэддэг болжээ. Энэ тухай “Хүүхдүүд хэн нэгэнд дээрэлхүүлэхгүй, эсвэл гаднын нөлөөнөөс биеэ хамгаалах зорилгоор таеквондод хөл тавьдаг ч хичээллэх явцдаа зодолдох бус, хүндлэл юм байна гэдгийг ойлгодог. Ажил ихтэй үед өдөр маш хурдан өнгөрдөг. Миний хувьд нэг минутын өмнө ажлаа амжуулаад клуб рүүгээ явахыг хи чээдэг. Бэлтгэл хийхээр ирсэн хүүхдүүд намайг хүлээж байгаа гэж бодоод яардаг юм. Цагдаагийн байгууллагын дунд таеквондо, гүйлт, дартсын тэмцээн зохион байгуулахад би байнга оролцдог. Гүйлтийн тэмцээний 100 метрийн зайд, мөн таеквондогийн тэмцээнд нэг бус удаа түрүүлж байлаа. Марш тактикийн тэмцээн таеквондогийн УАШТ-тэй давхцдаг тул шавь нарынхаа бэлтгэлд анхаарал хандуулаад оролцож амждаггүй. Хүмүүс тамирчдыг зөвхөн бэлтгэл хийгээд цалин авдаг гэж боддог. Миний хувьд ажлаа хийнэ, тамирчдынхаа бэлтгэлийг хийлгэнэ, өөрөө ч тэмцээнд оролцдог. Энэ ташрамд, шавь нартаа “Зорилгодоо хү рэхийн тулд хүсэл мөрөөдөлдөө үнэнч, тууштай байгаарай. Та нарыг надаас илүү амжилт гаргана гэдэгт үргэлж итгэдэг шүү” хэмээн уламжилсан юм.