Индонезын Жакарта хотод энэ сарын 3-5-нд болсон таеквондогийн найм дахь удаагийн Азийн нээлттэй аварга шалгаруулах тэмцээнд үндэсний шигшээ багийн тамирчид оролцов. Эмэгтэйчүүдээс 49 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Учрал тэмцээний салхи хагалж мөнгө, эрэгтэйчүүдээс 58 кг-д Ё.Пүрэвдаш хүрэл медалийн эзэн боллоо. Энэ спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах таеквондогийн XI тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт энэ сарын 9 хүртэл үргэлжилнэ. Ерөнхий сайдын ивээл дор болж буй тус тэмцээнд 32 орны 1283 тамирчин, шүүгч, төлөөлөгч оролцож буй нь Улаанбаатарт 2018 онд болсон тэмцээнээс оролцогчдын тоо хоёр дахин нэмэгджээ.
Хоёр жил тутамд шилдгүүдээ тодруулдаг тус тэмцээнийг өсвөр үе, насанд хүрэгч, мастер ангилалд зохион байгуулж байна. Тэмцээний үеэр Дэлхийн болон Ази, Европын таеквондогийн холбооны удирдлагууд Ази тивийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг хийж, цаашдын хөгжлийн бодлого, дүрэм журам, томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэв. Тус хурлаар 2028 онд болох Олон улсын таеквондогийн холбоо Азийн аварга шалгаруулах XII тэмцээнийг зохион байгуулах улсыг сонгон шалгаруулсан юм. Тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Камбож, Узбекистан, Киргиз улс өрсөлдсөнөөс Камбож гишүүн холбоодын саналын олонхын дэмжлэгийг авч, ирэх жил таеквондогийн тивийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийн эзэн боллоо.