Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт сүм, хийдийн 53.8 хувь нь христийн сүм хэдий ч шашны байгууллагын ажилчдын 69.2 хувийг буддын хийдийнх эзэлж буй талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тодруулбал, манай улсад өнгөрсөн оны байдлаар нийт 420 сүм, хийд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд үүнийг өмнөх оныхтой харьцуулахад 0.5 хувиар буурсан дүн аж. Харин 2021 онынхтой харьцуулахад 22.4 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотод хамгийн олон буюу 188 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байсан бол Говьсүмбэр аймагт хамгийн цөөн буюу шашны хоёр байгууллага бий гэнэ. Нийт 420 сүм, хийдийн 155 нь буддын, 226 нь христийн, 32 нь исламын, долоо нь бусад төрлийн шашных. Эдгээрт 3277 хүн ажиллаж байгаагаас лам, санваартан, номлогчдын тоо 1900 болж, өмнөх оныхоос 47-гоор нэмэгджээ. Энэ нь шашны байгууллагад ажиллаж буй хүний тоо өнгөрсөн оныхоос 221-ээр өссөн үзүүлэлт болжээ. Харин шашны сургууль, дацанд нийт 240 суралцагч сурч байна. Нийт суралцагчийн 55.8 хувь нь 15 хүртэлх насныхан.
Ч.Болор